Залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулахгүй

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цар тахал гарсан энэ үед Эрүүл мэндээ аварч, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг зарласан. Тэгвэл зарим хэвлэл, олон нийтийн сүлжээгээр Уг 10 их наядын хөтөлбөрт иргэдийг үнэгүй фитнесст явуулах зардал хэмээн 500 тэрбум төгрөг төсөвлөсөн гэсэн мэдээлэл гарч, олны шүүмжлэлд өртөөд буй. . 

Тэгвэл Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг дээрх мэдээллийг үгүйсгэжээ. Тодруулбал, тэрбээр,

-"Эдийн засгийг дэмжих 10 их наядын хөтөлбөрт залуусыг фитнест явуулахад 500 тэрбум төгрөгийг төсвөөс зарцуулахгүй. Энэ мэдээлэл худлаа. Хөтөлбөрийн хүрээнд залуусыг ажлын байранд бэлтгэхэд 500 тэрбумыг зарцуулах бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам бэлтгэл ажлыг хангаж байна. Өөрөөр хэлбэл, ажилгүй байгаа залуусыг багц сургалтад хамруулж, мэргэшил олгож, ажлын байранд бэлтгээд нэг сая төгрөгийн урамшуулал олгох юм” гэжээ.