АТГ-т эрэн сурвалжлагдаж байсан Л.Эрдэнэбулган Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилогджээ

Нэгэн үе Авлигатай тэмцэх газрынхны эрэл сурал болоод байсан Л.Эрдэнэбулган Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар томилогдон ажиллаж байна.

МАН энэ хүнд хэр их өртэйг хэлэхэд хэцүү. Албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, татвараас зайлсхийсэн, эд хөрөнгө завшсан хэргээр АТГ-т шалгагдаж, тэр бүү хэл, эрэн сурвалжлагдаж байсан Л.Эрдэнэбулганыг сиймхий л гарвал Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд “шахдаг”. Ингэхдээ хурган даргын суудлаас дээш ахиулах хэмжээнд. 

Л.Эрдэнэбулган нь нүүрсний хэрэгт холбогдож, ял сонсон Л.Гансүхийн туслахаар 2013 оноос эхлэн ажиллаж байсан нэгэн.

Л.Гансүх Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлаа чөлөөлөгдөж, Ерөнхий сайдын зөвлөх болж, Шинэчлэлийн Засгийн газрын "Нүүрс” хөтөлбөрийг хариуцан ажиллаж байхдаа тендер зарлалгүйгээр ганцхан компанийг шалгаруулж, бүх ажлыг өгсөн байдаг. Уг "Эм Жи Эл Эс Би” компанийнх нь захирал нь “алдарт” Л.Эрдэнэбулган. Багануурын уурхайгаас тонныг 27.000 төгрөгөөр авч, цааш нь зарахдаа 80.000 төгрөг болгож дамласан асуудал дэгдэж, олон хүн шоронд суух болоход Л.Гансүх бараг ганцаараа шахуу уг хэргийг “үүрч” ял сонссон. Тухайн үед Л.Эрдэнэбулганыг АТГ-аас эрэн сурвалжилж байв. Л.Гансүхийн хамтаар шүүгдэж байсан Мөнгөнтуяа хүртэл энэ хүнийг яагаад шүүхгүй байгаа талаар тухайн үед шүүх хурал дээр ярьж байсан бичлэг өдгөө ч бий.

Ийнхүү хэргээс хуурай гарсан тэрбээр 2016 онд Д.Оюунхоролыг салбарын сайдаар ажиллаж байхад мэргэжилтнээс хэлтсийн дарга болсон юм. Улмаар Н.Цэрэнбат сайдаар ажиллах хугацаандаа Л.Эрдэнэбулганыг Усны нөөцийн хэлтсийн даргын албанаас чөлөөлж, Төрийн захиргааны удирдлагын газрын даргын түр орлон гүйцэтгэгчээр суга татан дэвшүүлэн томилж байв. Ахлах мэргэжилтнээр ганц ч хоног ажиллаж үзээгүй хүнд энэ суудал “хүнддэнэ” хэмээн салбарын мэргэжилтнүүд халаглаж байв. Үнэндээ төрийн албанд 12-оос дээш жил ажиллаагүй хүнийг газрын даргын суудалд дэвшүүлж болдоггүй хуультай. Гэвч Л.Эрдэнэбулган нь түр орлон гүйцэтгэгч сэтэртэй тул хуулийн заалт падлийгүй хэмээн үзсэн талтай.

Мөн дараагийн сайдын үед Байгаль орчин аялал жуулчлалын сайдаар ажиллах үед Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны Ажлын албаны дарга болтлоо дэвшиж дөнгөв. Тэр бүү хэл, тус яамны Усны нөөцийн хэлтсийн даргын албан тушаалыг түүнд хадгалнаа гэсэн утга бүхий өгүүлбэрийг уг тушаалдаа багтааж, гарын үсэг хүртэл зуруулж амжсан байдаг. Улмаар яамны “эзэн” мэт аяглаж, өөрт нь таалагдаагүй нэгнийг өрөөндөө дуудаж, өргөдлөө өгөхийг шахдаг талаар энэ салбарынхан андахгүй.

Тэгвэл тэрбээр Н.Уртнасан сайдын үед Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байна.

Үе үеийн сайд нарыг дамжиж, таахалзаж суудаг Л.Эрдэнэбулганд хариуцлага тооцож чадах албан тушаалтан өнөөдрийг хүртэл олдсонгүй. МАН энэ хүнд хэр хэмжээний өртэй болоод өнөөдрийг хүртэл өөгшүүлж байгаа нь хачирхалтай.

Гэхдээ шинэ үеийн төлөөлөл болсон Л.Оюун-Эрдэнэ сайд түүний толгойг илээд өнгөрөх нь юу л бол...

эх сувалж: buzznews.mn