С.Моллай аваргын төлөө хүч үзнэ

"Тель Авив-2021" жүдо бөхийн “Их дуулга” тэмцээний хоёр дахь өдөр дэлхийн аварга Сайд Моллай -81 кг-ын жинд аваргын төлөө барилдахаар шалгаран үлдлээ. Тэрбээр эхний тойрогтоо гоц мөргөөд хоёрын даваандаа Азербайжаны Зелим Чкаевтай учраа таарч хоёр вазари үнэлгээ авч цэвэр ялсан. Улмаар Европын АШТ-ий хүрэл медальт Италийн Антонио Эспозитог өмсөх мэхээр вазари үнэлгээгээр ялснаар хэсгийн аваргын төлөө шалгаран үлджээ. В хэсгийн аваргын төлөө тэрбээр Гранд Слам, Гран При тэмцээнүүдийн аварга Германы Доминик Ресселийг вазари үнэлгээгээр яллаа. Түүнчлэн хагас шигшээд өнгөрсөн онд энэхүү тэмцээнийг Гран При байхад түрүүлж, “Мастерс”-ын хошой мөнгөн медальт ОХУ-ын Аслан Лаппинаговыг 3:20 минутад цэвэр ялсан байна. Одоо тэрбээр Ази-Номхон далайн орнуудын АШТ-ий мөнгөн медальт Узбекистаны Шарофиддин Болтабоевтай аваргын төлөө хүч үзнэ. Түүний жингийн гол фаворитууд болох 2019 оны дэлхийн аварга Израйлын Саги Муки Бельгийн Сами Чоучид, олимпийн аварга ОХУ-ын Хасан Халмурзаев Израйлын Дин Яаков Гемерт эхний барилдаандаа цэвэр ялагдаж үзэгчдийн суудалд шилжсэн байна. Тэмцээний медалийн төлөөх барилдаанууд Улаанбаатарын цагаар 23:00 цагаас эхлэх бөгөөд хамгийн сүүлийн барилдаанд Сайд Моллай барилдана. Тэмцээнийг "SPS NATIONAL", "SPS FIGHT" сувгууд шууд дамжуулан хүргэнэ.

С.Моллайгийн барилдаанууд