Шадар сайд танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс  эхлүүлэх нь эрсдэлтэй гэж үзжээ

Боловсрол соёл шинжлэх ухааны яамнаас ЕБС-ийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх саналыг гаргасан. Тэгвэл яг одоо энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж байна.  

Энэ тухай Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга хэлэхдээ "Өчигдөр болсон УОК-ын өргөтгөсөн хуралдааны үеэр Шадар сайд С.Амарсайхан танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс  эхлүүлэх нь эрсдэлтэй гэж үзсэн. Учир нь, "Нэг хаалга-Нэг шинжилгээ"-ний арга хэмжээ хоёрдугаар сарын 23-нд дууссанаар хүн амын дунд дархлаажуулалтын ажил эхэлж, иргэдийг вакцинжуулах явцад халдвар хүн амын дунд тархах эрсдэл байгаа учраас энэ үед танхимын хичээлийг эхлүүлэх нь эрсдэлтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Дархлаажуулалтын ажил хоёрдугаар сарын сүүл, гурав, дөрөвдүгээр сард ид өрнөх учраас  энэ үе хамгийн эрсдэлтэй гэж үзэж байгаа юм" гэсэн. 

Гэхдээ ЕБС-ийн танхимын хичээлийг гуравдугаар сарын 1-нээс эхлүүлэх эсэх эцсийн шийдвэрийг  Засгийн газрын хуралдаанаас гаргах юм.