Оюутолгойн асуудлыг хариуцсан ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ахална

УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр захирамж гаргаж Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын хэсэг байгуулжээ. Ажлын хэсэг 20 гишүүнээс бүрдэж байгаа бөгөөд ахлагчаар нь УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан ажиллах юм. Тус ажлын хэсгийн гишүүд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайжруулах Засгийн газрын ажлын хэсэг хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж байгаа юм. Мөн УИХ-ын ажлын хэсэг нь Засгийн газрын ажлын хэсэгтэй хамтран ажиллаж, шаардлагатай бол зарим асуудлаар УИХ-аас шийдвэр гаргах тогтоолын төслийг боловсруулах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд энэ талаараа хэвлэлийн хурал хийсэн юм. Мэдээллийн дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү  http://www.parliament.mn/n/ccion

Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-"УИХ-ын даргын 2021.02.09-ний өдөр 14 дугаартай ажлын хэсэг байгуулах захирамж гарсан. Захирамжид Оюутолгойн ордыг ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай УИХ-ын 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж, хэрэгжилтийг хангуулах үүрэг бүхий ажлын хэсэг юм. Асуудлын хүрээ нь өндөр ач холбогдолтой Монгол Улсын хөгжлийн хувь заяатай холбоотой. Ажлын хэсэг 20 гишүүний бүрэлдэхүүнтэй. 

Монгол Улсын Засгийн газар болон Хөрөнгө оруулагч талтай Оюутолгойн гэрээ байгуулснаас хойш 10 жил болсны дараа анх удаа УИХ тодорхой шийдвэр гарсан. Оюутолгойн ордод Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай тогтоолыг хэлэлцэж баталсан. Тогтоолын хэрэгжилтийг Засгийн газарт даалгасан. Ганц Засгийн газар  хэрэгжүүлэхээс илүүтэй УИХ санаачилгатай ажиллаж, шаардлагатай зүйл дээр хамтарч, шийдвэр гаргах нөхцөл байдал үүсч болзошгүй гэж үзэж байгаа. 

Оюутолгойн талаарх зөрүүтэй мэдээлэл их байсан. Оюутолгойн ордын гэрээ Монгол Улсад ашигтай гэх байдлаар олон нийтэд мэдээлэл хийж, улстөрчид мэдэгдэл хийж байсан. Гэтэл Оюутолгойн далд уурхай төлөвлөгөө, Дубайн гэрээ Монгол Улсад хор хохиролтой, эрх ашгийг хангуулж чадахгүй байна гэдэгт санал нийлж байна. Энэ том ордыг ухуулаад дуусахад Монгол Улс нэг ч ам.долларын ашиг авч чадахгүй. Харин  22 тэрбум ам.долларын өртэй хоцрох тооцоолол хийгдсэн байна гэдэг байж болохгүй зүйл. Оюутолгойд нэг ч төгрөг зарлагадахгүй байгаа гэж чуулганы хуралдааны үеэр зарим хүн хэлж байсан. Нөхцөл байдал ийм биш. Иймээс өөрчилж, шинэчлэх ёстой. Мэдээж энэ бүхэн амаргүй. Гэсэн ч хийж хэрэгжүүлэх учиртай. Бид энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглахгүй гэдэг дээр ажлын хэсгийнхэн ярьж тогтсон" гэлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

-"Оюутолгойн төсөл хөрөнгө оруулалтын төсөл биш. Энэ бол зээлийн луйвар. Өнөөдөр жилдээ 600-700 сая ам.долларын хүүг төлж байна. Энэ нь бидний авч байгаа татвараас 5-6 дахин өндөр гэсэн үг. Өдөр тутам 1.2-2 сая ам.долларын хүүг зээлд төлж байна. Эцсийн дүндээ бид баялгаасаа өртэй үлдэх төсөл болчихсон. Иймээс өөрчлөх ёстой. Оюутолгойн гэрээг сайжруулах, харилцан үр дүнтэй байх тухай ярьж байна.

12 жил сайжруулах ёстой зүтгэлээ. Энэ хугацаанд дийлэнхэд нь цөөнх байсан. Энэ удаад харин Оюутолгойн гар хөл болж явсан хүмүүс УИХ-д  цөөрсөн учраас өнөөдөр УИХ-д олонх болж чадлаа. Ажлын хэсэг байгуулж чадлаа" гэлээ. 

Ж.Мөнхбат:  Ч.Сайханбилэгийн Засгийн газар Дубайн гэрээг үзэглэснээр ашиг хүртэх хугацаа 2037 он болж хойшилсон

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

-"Эрдэнэтийн ордын нөөцөөс 6 дахин их зэсийн нөөцтэй. Алтны нөөцөөрөө Бороогийн ордоос 50 дахин их. Мөнгөний нөөцөөрөө Асгатын ордоос 3 дахин их ийм баялаг орд. Үүнийг ашиглалтад оруулж, гэрээ байгуулаад 12 жил өнгөрлөө. Гэтэл Монголын талын ашиг 2020 оноос үр ашиг хүртэнэ гэж байсан. Дубайн гэрээ гэх зүйлийг Ч.Сайханбилэгийн Засгийн газар хийснээр ашиг хүртэх хугацаа 2037 он болж хойшилсон талаар чуулганы хуралдаан дээр Бямбасайхан мэдэгдэж байсан. Өнөөдөр Монголын талын үр ашиг хүртэх хугацаа 2051 он боллоо гэж ярьж эхэлсэн. Татвар төлж, ажлын байр бий болж байгаа нь сайшаалтай. Үүнийг үгүйсгээгүй. Гэхдээ ийм том орд газраас үүнээс илүү ажиллах, ажлын байр бий болох, ард түмэн ашиг хүртэх боломжтой. Гэвч үүнийгээ алдсаар ирсэн. Өнгөрсөн хугацаанд Засгийн газарт үүрэг өгөгдсөөр ирсэн нь нэг ч хэрэгжээгүй. Үүнийг хангуулах ёстой.

2009 оны УИХ-ын 57 дугаар тогтоолын 3-т эрх зүйн орчныг бүрдүүлэх замаар анхны хөрөнгө оруулалтыг нөхөсний дараа төрийн эзэмшлийн хувь хэмжээг  51 доошгүй хувь хэмжээнд хүргүүлэх тухай Засгийн газарт даалгасан. Анхны хөрөнгө оруулалтыг 2.1 тэрбум ам.доллар гэж яригдаж байсан. Сүүлдээ 4.5 тэрбум ам.доллар гэж байсан бол өнөөдөр 10-20 тэрбус гэж яригдаж байх жишээтэй. Бизнс харилцан ашигтай байх ёстой. Гэтэл Монгол Улс нөөц ордоо ашиглуулж, бүх зүйлээ тавьж өгчихөөд, тэр байтугай ордоо барьцаанд тавьж гаднаас зээл авчихаад юунд зарцуулж, хэдэн төгрөгийн ашиг олж байгаа нь хаалттай. Үүнийг монголчууд мэдэхгүй байгаа. Иймээс үүнийг ил тод болгож, Монголын үр ашгийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана" гэлээ. 

Харин гишүүдээр нь:

  • Н.Алтанхуяг,
  • Ш.Адьшаа,
  • Ц.Анандбазар,
  • П.Анужин,
  • Б.Бат-Эрдэнэ,
  • Б.Баттөмөр,
  • Б.Баярсайхан,
  • Ё.Баатарбилэг,
  • Х.Болорчулуун,
  • С.Бямбацогт,
  • Ж.Ганбаатар,
  • С.Ганбаатар,
  • Н.Ганибал,
  • Ц.Даваасүрэн,
  • Ж.Мөнхбат,
  • Д.Тогтохсүрэн,
  • Ж.Сүхбаатар,
  • Б.Чойжилсүрэн,
  • Т.Энхтүвшин
  •