Л.Энх-Амгалан: Сургуулийн газраа зарсан захирлуудыг шууд хална

БСШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монголын Их дээд сургуулийн ректор захирлуудтай уулзлаа. Тэрбээр уулзалтын үеэр боловсролын салбарыг намчирхал, улстөржилтөөс ангид удирдана гэдгийг онцолжээ. Энэ тухайгаа тэрбээр "Нэг сайд ирээд өмнөх сайдын гаргасан шийдвэрийг өөрчилдөг, улстөрждөг, салбараа ялгаж харьцдаг байж таарахгүй. Энэ байдал боловсрол, шинжлэх ухааны салбарт байх ёсгүй. Шийдэх ёстой бол заавал хууль хүлээхгүйгээр тушаал гаргаад явна.

Хувийн их дээд сургуулийн алдаа оноог нийтээр нь хавтгайруулж харлуулдаг. Холбогдох хууль журам бусад хөтөлбөр, төслөөс хасдаг биш чанартай сургуулиудыг бодлогоор дэмжинэ. Энэ нь төрийнх энэ нь хувийнх гэж ялгаж харьцахгүй.

Кембриджийн боловсролыг хуулах биш Кембридж хүлээн зөвшөөрөхүйц Монгол стандарт бий болгох. Оюутны хөгжлийн зээлийн санг өөрчлөхгүй бол ЖДҮ шиг болж мэдэхээр болсон байна.

Сургуулийн газраа зарсан захирлуудыг шууд хална. Төрийн өмчийн сургуулийн 104 тэрбум төгрөг арилжааны банкуудад байршуулсан байна. Та нар ломбард биш. Мөнгө хүүлээд сууж болохгүй. Төрийн мөнгө төрийнхөө саванд байх ёстой. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашина" хэмээсэн байна.