Ерөнхийлөгч Х.Баттулга Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилохыг дэмжсэн байна

МАН-аас Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн улмаар өнгөрөн баасан гарагт Монгол Улсын  Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхий сайдаар томилох санал оруулах тухай албан бичгийг УИХ-ын дарга Г.Занданшатарт  өнөөдөр 11:30 цагт хүргүүлэхээр болжээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжсэн байна. 

Ингэснээр Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Ерөнхий сайдаар Л.Оюун-Эрдэнийг томилох саналыг УИХ-д оруулж, хэлэлцэн шийдвэрлэнэ. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны Дэгийн тухай хуулийн 28 дугаар зүйлд "Үндсэн хуулийн 39.2-т заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд оруулснаас хойш Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана" гэж заасан. Энэ дагуу Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр 13:00 цагаас хуралдаж, 14:00 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнийг томилох эсэхийг хэлэлцэж баталах юм.