С.Одонтуяа гишүүн Төрийн ордонд суулт зарлалаа

Гадаадад гацсан монголчуудын асуудлаар УИХ-ын гишүүн С.Одонтуяа мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Бид эх орондоо ирмээр байна" гэдэг суултыг Төрийн ордонд 2 давхарт эхлүүлж байна. Энэ суулт нь коронавирусийн халдвартай холбоотойгоор гадаадаас эх орондоо ирэхийг хүссэн олон хүн байна. Тэд эх орондоо ирэхийг хүсч байгаа ч ирж чадахгүй байна. Хэдийгээр зуны цагт нэлээд олон нислэг үйлдсэн боловч сүүлийн үед товлосон нислэгүүдээ цуцалж байна. Үүнээс үүдэн маш олон иргэн амь нас, аюулгүй байдал эрсдэлд ороод байна.

Тэр дундаа БНСУ-д 4000 гаруй иргэн, үүнээс 1000 иргэний асуудал туйлын хүнд байна. Тэнд олон хүмүүс өлсгөлөн зарлаж байна. Тэнд жирэмсэн, өвчтэй хүмүүс, хүүхдүүд байна. Тэд эх орондоо ирэхийг хүсч байна.

Зарим нь онгоцондоо суухын өмнө буюу энэ сарын 15-нд нас барсан харамсалтай хэрэг гарлаа. Монгол Улсад хүний эрх зөрчигдөхийг хараад сууж болохгүй. Хүний эрхийн үндэсний комиссоос гадаадад байгаа иргэдийн эрх зөрчигдөж байгаа шаардлага хүргүүлсэн. Өнөөдөр миний бие энэ асуудлаар Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд шаардлага хүргүүлж байна.

ҮАБЗ-д хүргүүлсэн шаардлагад нэгдүгээрт, эх орондоо буцах хүсэлтэй, шинжилгээний хариу нь сөрөг гарсан иргэдийг яаралтай татах авах, хоёрдугаарт, буцах өдрөө хүлээгээд амьдрах байр, хоол хүнсгүй болсон хүмүүст тусламж үзүүлэх, гуравдугаарт, төлөвлөгөөт нислэгийн хуваарийг тодорхой болгож, иргэдэд нээлттэй мэдээлэл өгч, төлөвлөх боломж олгох зэрэг асуудлыг тусгасан. 

Турк улсад гацсан 30 циркчин,  БНСУ-ын иммигрейшны байранд өлсгөлөн зарласан монгол иргэд зэрэг маш олон хүмүүс надад хандаж захидал ирүүлсээр байгаа. Гадны орноос ирэх хүсэлтэй иргэд өвчтэй, жирэмсэн, хүүхэдтэй хүмүүсийг эхний ээлжинд татаж аваач гэдэг хүсэлт удаа дараа гаргаж байгаа ч тэдний хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэхгүй байна. 

Миний бие УОК, Зам, тээврийн хөгжлийн яам, Гадаад харилцааны яам зэрэг 10 гаруй газарт эдгээр иргэдийг татах авах талаар шаардлага хүргүүлсэн ч дорвитой арга хэмжээ авсангүй. Шаардлагын хариуд “Бид гадаадад байгаа иргэддээ санхүүгийн дэмжлэг үзүүлж, орон байраар хангаж байгаа” гэсэн ч бодит байдал өөр байна. Тиймээс Төрийн ордонд суулт эхлүүлж байгаа юм" гэлээ.

эх сурвалж: buzznews.mn