МАН-ын бүлэг: Ерөнхийлөгчийн өргөн барьсан өрх бүрт 1 сая төгрөгийн тэтгэлэг олгох тогтоолын төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2021.01.18/ цахимаар хуралдаж, хоёр асуудал хэлэлцлээ. Тодруулбал, Соёлын яамнаас хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүд, Ерөнхийлөгчийн өргөн барьсан тогтоолын төсөлтэй танилцлаа.

Цахим хуралдааныг Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, хуралдааны эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас УИХ-д өргөн барьсан УИХ-ын тогтоолын төслийг авч хэлэлцлээ.

Бүлгийн гишүүд уг тогтоолын талаар санал бодлоо хэлж, гишүүдийн олонх нь холбогдох байнгын хороогоор хэлэлцүүлж, ярих нь зүйтэй гэж үзлээ.

Хоёрдугаарт, МАН-ын бүлэг яамдын хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээний талаархи танилцуулгыг шат дараатай сонсч, санал бодлоо хэлж байгаа. Энэ хүрээнд Соёлын сайд С.Чулуун өнөөдөр яамны хэрэгжүүлэх бодлогын зорилт, хөрөнгө оруулалт, салбарын томоохон төслүүдийн талаар танилцууллаа. Тодруулбал, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд “Бүх нийтийн соёлын боловсрол” , “Цахим соёл”, “Монгол ба дэлхий дахин” хөтөлбөрүүдийг шинээр боловсруулж хэрэгжүүлэхээр тусгажээ. Харин өмнөх хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүдээс “Монгол уран бүтээл” /2015-2025/, “Соёлын биет бус өвийг хамгаалах” /2019-2023/, “Баримтат өвийг хамгаалах” /2014-2024/ төсөл хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх юм байна.

Соёлын салбарын томоохон бүтээн байгуулалтаас авч үзвэл, “Чингис хаан” хаад, язгууртны музей, Байгалийн түүхийн музей, Үндэсний номын сан, Үндэсний урлагийн их театр, Хөвсгөл нуур музей, соёл мэдээллийн төв, Хүүхдийн номын сан, хүүхдийн театр байгуулахаар тусгаснаа танилцуулав.