ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН ҮЕД ӨӨРИЙГӨӨ БОЛОН БУСДЫГ ХЭРХЭН ХАМГААЛАХ ВЭ?

Өнөөдөр өглөөний 05:32 минутаас эхлэн Хөвсгөл аймгийн Ханх сумын орчимд 4.6-6.5 магнитудын, Улаанбаатар хотод 4-6 баллын газар хөдлөлт мэдрэгдлээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн төвөөс баруун хойд зүгт 200 километрт Ханх сумын баруун урд зүгт 30 километрын зайд 01 дүгээр сарын 12-нд нийт зургаан удаагийн газар хөдлөлт болж, иргэдэд хүчтэй мэдрэгджээ. Улаанбаатарын цагаар 05:32 цагт  6,5 магнитуд, 05:41 цагт 5,1 магнитуд, 05:47 цагт 4,6 магнитуд, 06:02 цагт 5,3 магнитуд, 06:10 цагт 5 магнитуд, 07:02 цагт 5,6  магнитудтай газар хөдлөлт болсон байна.

Эдгээр газар хөдлөлт нь  Улаанбаатар хотын төвөөс 1000 орчим км-ийн зайд болсон ч газар хөдлөлтийн чичирхийлэл Булган, Орхон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, нийслэлийн оршин суугчдад хүчтэй мэдрэгдсэн бол Улаанбаатар хотод 4-6 баллаар буюу унтаж байсан иргэд сэрсэн, гэрлийн бүрхүүл чичирхийлж савласан гэх зэргээр мэдрэгдсэн ч хохирол учраагүй байна.

Газар хөдлөлтийн үед юу хийх вэ?

Газар хөдлөх үед байшин дотор байгаа бол:

  • -Тайван бай, үймж сандрах хэрэггүй
  • -Аюулгүй газар хоргодох /нуугдах/ дотор хана, булан, даацын багана гэх мэт.
  • -Газар хөдлөлт эхлэх үед Та хаана байна, тэндээ л газар сууж, өөрийгөө халхлах, хүлээх
  • -Бат бөх ширээн доогуур орох
  • -Цонхноос хол байх
  • -Цаг, таазны гэрэл зэрэг дээрээс унах зүйлсийн доор зогсохгүй байх
  • -Хаалга онгойлгоод доор нь зогсвол дээрээс унасан зүйл цохих аюул харьцангуй бага

Газар хөдлөх үед гадна байгаа бол:

  • -Байшин, барилга, мод, гэрэл болон цахилгааны шонгоос хол, аюулгүй газар олох
  • -Хэрвээ машин дотор байгаа бол чичирхийлэлт зогстол машинаасаа гарах хэрэггүй
  • -Машинаар явж байгаа бол замаас гарч зогсох, гүүр, тунелээс холдох, ил задгай талбай олох
  • -Олон нийтийн газар байвал хаалга, үүд рүү хамаагүй бүү зүтгэ. Дээрээс унаж болзошгүй зүйлээс холдохыг хичээх
  • -Театр, цэнгэлдэх хүрээлэнд байсан бол суудалдаа суугаад  толгойгоо хамгаалах
  • -Ойр орчимд тэсэрч, дэлбэрэх бодис байгаа бол лаа асаах юм уу, гал гаргаж болохгүй
  • -Хэрэв уулархаг газар амьдардаг бол хад чулуу нурж унахаас болгоомжлох

Газар хөдлөлтийн дараа юу хийх вэ?

  • -Өөрийн сэтгэл санааг бүрэн эзэмдэж, эрүүл ухаанаар эргэн тойрноо харах
  • -Эхлээд өөрийгөө бэртсэн эсэхийг шалгах
  • -Хэрвээ цус алдаж байвал цэвэрхэн материал ашиглан цус тогтоох арга хэмжээ авах
  • -Хүнд гэмтэлтэй хүнийг хамаагүй хөдөлгөж, тээвэрлэж болохгүй
  • -Эмнэлгийн анхны тусламж үзүүлэх
  • -Хүүхэд, өндөр настан, өвчтэй хүмүүсийг тайвшруулах
  • -Нурангид дарагдсан хүмүүсийг өөрийн бололцооны хэрээр аврах
  • -Онцгой чухал шаардлагагүй бол байшинд орох хэрэггүй
  • -Нурангин доор байгаа бол тайван байх, боломжтой бол өөртөө анхны тусламж үзүүлэх
  • -Гадна байгаа хүмүүст дохио өгөх /хашгирах, ямар нэгэн юм нүдэх/
  • -Гал гаргаж болохгүй
  • -Өөрийн тамир, тэнхээгээ гамнах
  • -Шилний хагархай байх тул гутлаа өмсөх
  • -Ямар нэг эвгүй үнэр байвал цонх, салхивчаа нээх
  • -Цахилгаанаа яаран бүү залга
  • -Радиогоо цаг үеийн мэдээн дээр тохируулах

эх сурвалж: МХЕГ