Саппоро-1972, Нагано-1998, Пёнчан-2018 өвлийн олимпийн буухиаг үргэлжлүүлэн, Ази тивд дөрөвдэх удаагаа зохиогдох Бээжин-2022 наадмын спортын төрлүүдийн онцлох тэмдэг (Пиктограм) албан ёсоор олон нийтийн хүртээл болсон тухай Зохион байгуулах хорооны соёл, ёслолын хэлтсийн орлогч дарга Гао Тянь мэдэгдлээ. Хятадын нийслэл Бээжин хот, түүний баруун умард Янчин дүүрэг, Хөбей мужийн Жан Зякоу (Монголоор Жанчхүүгийн даваа) хотод 2022 оны II сарын 4-нөөс 20-ны өдрүүдэд зохиогдох өвлийн XXIV олимпийн наадмын хөтөлбөрт албан ёсоор багтсан 7 спортын 15 төрлийг дүрсэлсэн 24 пиктограм зураглалыг Хятадын дүрслэх урлагийн төв академийн багш Линь Цүнь-Жэнь тэргүүтэй уран бүтээлчид Нанхиад гүрний уламжлалт босоо тамганы урлалыг орчин үеийн дүрслэлтэй холбон, улаан дэвсгэрээр хаврын баярыг билгэдэн, цагаан зураасаар өвлийн спортын хурд хүч, гоо тансагтай урнаар хослуулан туурвисан бүтээл болжээ. Олимпизмийн түүхэнд Бээжин нь ногоон (2008), цагаан олимпийг зохиосон цорын ганц хотоор тодроод байна. Дашрамд дурьдахад, спорт пиктограмыг анх Токио-1964 олимпоос эхлэн хэрэглэсэн түүхтэй.