Ямба, яраглал хоёр ялгаатай шүү, УИХ-ын гишүүд ээ

Хууль зүйн байнгын хороо шөнө дөл болтол хуралдаж эрхэм гишүүдийг ихэд чилээжээ. Тиймдээ ч гэгээ ормогц 03.00 цаг хүртэл буюу тасралтгүй 17-18 цаг хуралдаж, Шүүхийн хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцсэнээ ам уралдан олон нийтэд зарлав. Төрийн түшээдийн хувьд бахархах бас ялархах сайхан сэдэв. Саруулхан бас дулаан танхимд цай, кофи ганц, нэг балганганаа хуулийн төслийг хэлэлцэх нь дайнд гавьяа байгуулсантай дүйх хэмжээний үйл явдал гэж үү. УИХ-ын гишүүн гэдэг унтах, идэхийн дон шүглэсэн сэнтий гэж сэрүүн зүүдлээгүй байлтай, тэд. Уг нь цар тахлын үед энэ байтугай ажлыг иргэдийн төлөөлөл болсон төрийн түшээд амжуулах учиртай. Харамсалтай нь, өдрийн хугас хуралдаанаа өндөрт бодож явсны илрэл нь энэ.  

Харин -30 хэмийн хүйтэн цагдаа, онцгой байдлын албан хаагчид үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол өдөр бүр зогсоно. Жавар тачигнасан өдрүүд үргэлжилж, чөмөг царцах шахаж байхад даарч, бээрэн цагдаа хамгаалалтад гарч байна. Тэглээ гээд тэд өөрсдөөрөө бахархаж, эрхэм гишүүдтэй адил гэгээ ормогц шаагилдаж, зургаа олон нийтэд цацсангүй. Ганц шөнийн хуралдаанаа гавьяа хэмээн бардаж суугаа эрхэм гишүүдийн дэргэд төрийн цагдаа өдөр бүрийг хагас түрийтэй хар гутал, зулхай дотортой өвлийн хүрэм, нимгэн өмд, ноосон малгайтай гудамжинд өнгөрүүлж байна.

Тэр байтугай олон цагаар хагалгаа хийсэн эмч ч ингэж бардамнаж байсан нь үгүй. Төрийн өмнө хүлээсэн үүрэг хэмээн ажлын ачааллаа үүрээд гардаг нь тэр.

УИХ-ын сонгуулиар хошуу дэвсэн, царай алдан гуйн байж сонгогдсон сэнтийнийхээ учрыг ч олоогүй яваа нь Хууль зүйн байнгын хорооны гишүүд бус уу. Үүнийхээ оронд УИХ-ын гишүүний цалингаасаа цар тахлын үед үгүй юм аа гэхэд ганц өдөр татгалзаж, цагдаагийн албан хаагчдад аяга, цай хоол ч болтугай дөхүүлсжэн бол бага ч болтугай бахархах байлаа, та нараар.  

Дулаан байшинд сууж, хуулийн төслийг хэлэлцэн батлах нь ажлын чинь үндсэн чиг үүрэг гэдгийг эрхэм гишүүдэд эцэст нь сануулчихья.

эх сурвалж: buzznews.mn