Я.Содбаатар: Хатуу хөл хориог 4 хоногоор сунгана, цагаан сар тэмдэглэхгүй

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас хатуу хөл хориог тав хоногоор сунгах шийдвэр гаргажээ. ЭМЯ-наас хөл хориог 14 хоног сунгах санал гаргаж, УОК дэмжсэн ч Засгийн газрын хуралдаанаас уг саналыг дэмжээгүй байна. Хөл хорио 2021.01.11-ний 06:00 цаг хүртэл үргэлжилнэ. Мөн Сар шинийн баярыг нийтээрээ тэмдэглэхгүй байх шийдвэрийг Засгийн газраас гаргасан гэх мэдээлэл байгаа юм.

Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Шадар сайд Я.Содбаатар танилцуулж байна.

Тэрбээр "Засгийн газар ээлжит бус хуралдаанаар тодорхой шийдвэрүүдийг гаргалаа. Эрдэмтдийн зөвлөл, мэргэжлийн 11 байгууллагын хамтарч гаргасан эрсдлийн үнэлгээ бусад төрийн байгууллагуудын дундаас санал асуулга, зөвлөмж авсан. Үүний дагуу УОК хуралдаж, нйислэлийн хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг сунгах саналыг Засгийн газрын хуралдаанд оруулсан.

Засгийн газрын хуралдаанд асуудлыг олон талаас нь авч үзсэн. Нийслэл хотын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021.01.06-наас 4 хоног сунгаж 2021.01.11-нээс зэрэглэлийг бууруулж, худалдаа үйлдвэр үйлчилгээний газруудын үйл ажиллагааг хэвийн горимд оруулахаар шийдвэрлэлээ.

Хөл хориог цаашид үргэлжлүүлбэл эдийн засгийн хувьд хор хохирол ихтэй. Иймээс аль аль талыг бодож шийдвэр гаргасан.

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн хэмжээнд 3600 иргэнээс санал асуулга авсан. Үүний 70 хувь нь хөл хориог сулруулах нь зүйтэй гэсэн санал өгсөн. Харин 30 хувь нь хатуу хөл хорио тогтоож, үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн санал ирүүлжээ. Нийтдээ бүх яам, голлох агентлагаас санал авахад 3-14 хоногоор хөл хориог сунгах нь зүйтэй гэжээ. Эдгээр саналыг олон талаас нь хэлэлцэн ирэх 7 хоногийн  даваа гарагаас зэрэглэлийг буруулж, худалдаа, үйлдвэр үйлчилгээг эхлүүлэхээр шийдвэрлэжээ.

Азийн орнуудын сар шинийн баяртай холбогдуулан хатуу хөл хорио тогтоож байгаа. Засгийн газар аль болох уян хатан шийдвэр гаргахыг зорьж байна.

Гэхдээ энэ 7 хоногт халдварын голомт шинээр дахин үүсч цар тахал дэлгэрэх болмож бүрдвэл илүү хатуу арга хэмжээ авна. Хөл хориог сулруулсанаар шинэ эрсдэл бий болох, шинэ голомт бий болох эрсдэл үүсвэл хатуу хөл хорио тогтооно.