ХӨРШ ОРНООС КОРОНА ВИРУСИЙН ЭСРЭГ ВАКЦИН ОРУУЛЖ ИРЬЕ

БНХАУ-ын тухайд өнгөрсөн долоодугаар сард яаралтай вакцинжуулалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, үүний хүрээнд “Sinopharm” болон “Sinovac” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн юм

Корона вириус “Ковид-19”-ийн халдвар дэлхий нийтэд тархаж эхэлснээс хойш өнөөдөр дэлхийн 218 улс, бүс нутагт бүртгэгдээд байна. Мөн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага/ДЭМБ/-ын мэдээлснээр цар тахал гарснаас хойш дэлхий дахинд 79 сая  232 мянга гаруй хүн энэ өвчний халдварыг авсан, үүнээс 57 сая 263 мянган нь эдгэрсэн бол 1 сая 754 мянган хүн амиа алджээ.

Манай улсын хувьд ч мөн адил. Хэдийгээр энэ цар тахлыг оруулж ирэлгүй багагүй хугацаанд барьж чадсан ч өнгөрсөн арваннэгдүгээр сарын 11-нд анхны тохиолдол бүртгэгдсэнээс хойш өнөөдрийн байдлаар нийт 1175 хүн энэ өвчний халдварыг аваад байна. Үүнээс дотоодын халдвар нь 702 бөгөөд өнөөдөр ЭМЯ-ны мэдээлснээр өнгөрсөн 24 цагт 38 хүнд халдвар илэрсэн. Эдгээр хүмүүсийн дунд автобусны жолооч, цагдаа байгаа бөгөөд энэ бол нөхцөл байдал улам хүндэрч байна гэсэн үг.

Уг энэ цар тахал гарахтай зэрэгцэн дэлхийн улс орнууд өөр өрсдийн вакциныг бүтээж байна. ДЭМБ-ын мэдээллээс харахад 164 вакцин туршилтын өмнөх шатандаа, 48 вакцин туршилтын шатандаа байна. Туршилтын шатны 48 вакцинаас АНУ-ын дөрөв, БНХАУ-ын дөрөв, Их Британийн нэг, ОХУ-ын нэг, Энэтхэгийн нэг, нийт 11 вакцин туршилтын гуравдугаар шатандаа байгаа гэжээ. Мөн өмнөд болон хойд хөршүүд өөрсдийн бүтээсэн Ковид-19-ийн эсрэг вакцинаар ард иргэдээ дархлаажуулж эхэллээ. Хамгийн сүүлд авсан мэдээллээр өмнөд хөрш Хөх хот зэрэг хэд хэдэн хотынхоо иргэдийг вакцинжуулж эхэлжээ. Тухайлбал, “Ухань хотод яаралтай вакцинжуулалтыг 12 дугаар сарын 24-ний өдрөөс эхлүүлсэн бөгөөд хотын 15 дүүргийн 48 эмнэлэгт зохион байгуулж, 18-59 насны тодорхой бүлгийн хүмүүсийг хамруулна. Эхний болон хоёр дахь тун хоорондын хугацаа дөрвөн долоо хоног” хэмээн Ухань хотын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн тэргүүн Хэ Жэньюй мэдэгджээ. Хятад улсын тухайд өнгөрсөн долоодугаар сард яаралтай вакцинжуулалтын хөтөлбөрийг нэвтрүүлж, хөтөлбөрийн хүрээнд “Sinopharm” болон “Sinovac” компаниудын вакциныг хэрэглэхийг зөвшөөрсөн юм.

Манай хойд хөрш ОХУ-ын хувьд ч мөн ялгаагүй. Ард иргэдээ вакцинжуулж эхэлсэн бөгөөд эрсэлд хамгийн ойр эмч, эмнэлгийн ажилтнуудаас гадна цэргийн анги, хөгшин хүмүүсийг вакцинжуулж буй бөгөөд Их британид мутацид орсон коронавирус дэлхий нийтийг түгшээж, Япон зэрэг улс гадаадын иргэдэд хилээ хааж, их гүрэн хэмээгддэг АНУ ч энэ өвчний өмнө толгой бөхийж байна.

Харин манай улс ирэх оны нэгдүгээр улиралдаа багтаан иргэдээ вакцинжуулна гэсэн мэдээллийг Засгийн газар, Улсын онцгой комисс, Эрүүл мэндийн яамнаас өгч байна.  Гэвч одоогоор яг аль улсаас вакцин оруулж ирэх вэ гэдэг нь тодорхойгүй байгаа.

Юутай ч манай улсын хувьд Вакцин дархлаажуулалтын глобал альянс /GAVI/, ДЭМБ, НҮБ-ын Хүүхдийн сан болон бусад олон олон улсын байгууллагын хамтран байгуулсан COVAX хөтөлбөрт 2020 оны долдугаар сарын 16-ны өдөр албан ёсоор нэгдэн орох хүсэлтээ хүргүүлж нэгдсэн. Энэ хөтөлбөрийн хүрээнд нийт хүн амын 20 хүртэлх хувийг вакцинжуулалтад үнэ төлбөргүй хамруулах боломжтой. Нэмэлтээр хүн амын 40 хувийг хамрах тооны вакциныг уг хөтөлбөрийн хүрээнд Дэлхийн банкны санхүүжилтээр худалдан авахаар Сангийн яам ажиллаж байна гэсэн мэдээлэл өгч байгаа. Ковид-19 вакциныг буурай хөгжилтэй, хамгийн хэрэгцээт, зорилтод бүлэгт хүргэх зорилгоор өнгөрсөн долоодугаар сард ДЭМБ-ын дэргэдэх COVAX нэгдэл байгуулагдсан. Энэ нэгдэлд дэлхийн 64 орон нэгдсэн бөгөөд манай урд хөрш БНХАУ ч мөн нэгдэн орсон. Түүнчэн COVEX-оос дэмжлэг, туслалцаа авахаар дэлхийн 100 гаруй орны төр засгийн тэргүүн хандсан гэх мэдээлэл бий.

Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу ГХЯ-ны зүгээс хилийн чанадад байгаа Дипломат төлөөлөгчийн газруудаараа дамжуулан вакцин хөгжүүлж буй “Moderna”, “Pfizer”, “AstraZeneca” зэрэг компанитай холбоо тогтоож, вакцин худалдан авах асуудлаар уулзалт хийж, мэдээлэл авч байна. Мөн түүнчлэн ГХЯ хоёр талын шугамаар Канад, ХБНГУ, Япон, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Австрали, зэрэг оронтой харилцаж, вакцин худалдаж авахад дэмжлэг авах чиглэлээр ажиллаж байна” хэмээжээ.

Мөн Сангийн яамны мэдээлснээр COVID-19 -ийн эсрэг вакцин оруулж ирэх Ажлын хэсгийн ахлагч, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Элчин сайдуудтай уулзалт хийх ажил үргэлжилж байгаа. Тухайлбал, тэрбээр  БНХАУ, БНЭУ, Япон, БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдуудтай вакцины асуудлаар санал солилцсон. БНХАУ-ын Элчин сайд Цай Вэньруйтай уулзаж Хятад улсад үйлдвэрлэж буй вакцин, түүний туршилт, бүртгэл, үйлдвэрлэлийн явц, манай улсад ханган нийлүүлэх боломжийн талаар ярилцсан гэж байна.

Иймд өдрөөс өдөрт нөхцөл байдал хүндэрч буй энэ үед МУЗГ, УОК, ЭМЯ яаралтай арга хэмжээ авч иргэдээ вакцинжуулья. Үүний тулд европын орноос хадгалалт, хамгаалалт, хөргүүр гээд өндөр хүлээлт, шаардлага үүсгээд буй вакциныг хүлээж байхаар хоёр хөршөөсөө тэр дундаа өмнөд хөршөөсөө коронавирусын эсрэг вакцин оруулж ирье. Яагаад гэвэл дэлхий дээр сая сая хүний амийг авч одож байгаа Корона вирус цар тахал манай улсад эрчээрээ тархвал бидний цөөхөн монголчуудыг юу хүлээж байгааг таашгүй.