С.Эрдэнэ: АН хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна

АН-ын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.

Тэрбээр “АН-ын тамгыг шинээр хийлгэх эрхийг надад олгосон. Энэ эрхийн дагуу холбогдох газраар нь АН-ын тамгыг хийлгэлээ. Өнөөдрөөс эхлээд АН хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна. Шинээр тамга тэмдэг эрх бүхий албан тушаалтнуудад үндсэн дүрмийн дагуу ажилдаа орж байгаа. Дүрмийн дагуу Үндсэн дүрмийн хороо, дотоод сонгуулийн хороо гэж бий. Энэ хоёр байгууллага ажлаа хэвийн явуулна.

АН-ын даргын дэргэд Хэрэг эрхлэх газрыг шинээр байгуулна. Хэрэг эрхлэх газрын даргаар Цэрэнбатыг томилсон.

Улсын Дээд шүүх дээр асуудал гарсан. Улс төрийн намуудын тухай хууль болон Улсын Дээд шүүхийн дүрмээр 2017 оны 01 тоот тогтоолоор АН-ын дарга С.Эрдэнэ хэвээр байгаа.

Цахим мэдээллийн санд дур мэдэн өөрчлөлт оруулж, АН-ын даргын үүрэг гүйцэтгэгч гэх огт байхгүй албан тушаал дээр хүн бүртгэсэн асуудлыг холбогдох газарт нь мэдэгдсэн. Залруулга хийгдэнэ гэж мэдэгдсэн байгаа.  

АН-ын хувьд сөрөг хүчний байр суурин дээрээ шилжиж, идэвхтэй ажиллана. Мөн дараагийн намын даргыг сунгах сунгаа, намын Их хурлыг хуралдуулах ажлын хэсгийг гаргаж байна. Дотоод сонгуулийн дарга Мөнхжаргал ахална. Үндсэн дүрмийн хугацаа нь бүгд хэтэрсэн. УИХ-ын сонгууль явагдсаны дараа 30 хоногийн дотор ҮБХ хуралдах ёстой. 90 хоногийн дотор АН Их хурал хуралдах учиртай. Иймээс ажлын хэсэг гарч, дүрмийн хүрээнд дараагийн намын даргын сунгаа, Үндсэн бодлогын хорооны гишүүдийн сунгаа, дараагийн их хурлын бэлтгэл ажлыг ханган ажиллана.