“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд МАНЛАЙЛЛЫН АРГА БАРИЛ сэдвээр туршлага судаллаа

“Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн ажилтнууд “Оюу Толгой” ХХК-ийн ажилтнуудын манлайллын арга барилаас суралцлаа. Тодруулбал, компанийн "Жендэрийн орон тооны бус салбар хороо"-ны  санаачилгаар “Оюу Толгой” компанийн ажилтнууддаа болон бусад аж ахуйн нэгжүүдэд туршлага болгон хуваалцдаг “Хамтдаа” семнарийг 2020 оны 10-р сарын 27-нд зохион байгуулсан юм. 

Уг семинараар өөрийн манлайллын хэв маягийг тодорхойлж, өөр хэв маягийн хүмүүстэй хэрхэн харилцах, баг хэрхэн өөрчлөгддөг, багийн хөгжлийн үе шатууд, цагийг хэрхэн үр дүнтэй ашиглах зэрэг сэдвээр мэдээлэл өгөв. Ингэхдээ оролцогчид асуудлаа тодорхойлж, шийдлээ өөрсдөө олох зарчмаар явагдсанаараа онцлогтой боллоо. 

“Хамтдаа” семинар нь “Оюу Толгой” компанид эерэг соёлыг төлөвшүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэсэн ажлуудын нэг. Тэр дундаа аюулгүй ажиллагааны соёлыг бий болгоход том хувь нэмэр оруулсан гэж тус компанийн гадаад харилцааны мэргэжилтэн Ё.Лхамаа ярилаа. Түүнтэй хамт “Оюу Толгой” компанийн “Манлайллын хөтөлбөр”-ийн мэргэжилтэн Л.Аянга өөрийн туршлагыг танилцуулсан. 

Дээрх семинарыг “Оюу Толгой” компани өөрийн туршлага болгож 10 гаруй байгууллагад хуваалцаад байгаагийн нэг нь “Эрдэнэс-Тавантолгой” ХК болж байна. Компанийн “Жендэрийн орон тооны бус салбар хороо” нь “Оюу Толгой” ХХК-ийн “Women in mining resource” ТББ-д нэгдээд багагүй хугацаа өнгөрч байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар салбарын болон оффисын эмэгтэй ажилтнууддаа ягаан цамцыг өмсүүлж хэвшээд буй.