Жоширо Марүяма VS Хэфүми Абэ

Энэ сарын 13-нд буюу маргааш Японы Токио хотын Кодоканд дэлхийн хошой аварга Хэфүми Абэ /2017, 2018/, отгон дэлхийн аварга Жоширо Марүяма /2019/ нарын халз барилдаан болох гэж байна. Ирэх онд болох “Токио-2020” олимпийн наадамд, -66 кг-ын жинд эх орноо төлөөлөн оролцох оролцогчийг тодруулах энэхүү халз барилдаан дэлхийн жүдо сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж буй юм.

Уг нь дээрх хоёр тамирчны хэн нь эх орноо төлөөлөн “Токио-2020” наадамд оролцохыг энэ оны дөрөвдүгээр сард болох Бүх японы аварга шалгаруулах тэмцээнээр шийдэх байсан. Гэвч Ковид-19 цар тахлын улмаас хойшилсоор маргааш тодорхоор болж байна.

Иймээс дэлхийн жүдочдын анхаарлыг зүй ёсоор татаж буй дээрх барилдаанд хэн нь ялах, манай жүдочид ямар таамаг дэвшүүлж байгаа талаар тодруулснаа хүргэе!

Тэднээс дэлхийн аваргуудын халз барилдаанд хэн нь ялах вэ? Яаж? гэсэн асуултад хариулт авсан юм. Тухайлбал, Монголын жүдо бөхийн холбооны Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар Хэфүми Абэг ялна гэсэн бол Олимпийн зэрэглэлийн шүүгч М.Бөхбат, Т.Энхцэцэг нар Жоширо Марүямаг ялна хэмээсэн билээ. 

Жоширо Марүяма VS Хэфүми Абэ нарын олон улсын тавцан дахь барилдаанууд

Н.Түвшинбаяр /Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт/

-Миний бодлоор Жоширо Марүяма нь ялна. Тэдний барилдаан үнэлгээгээр шийдэгдэнэ. Марүяма ялахдаа иппон буулгана.

Х.Цагаанбаатар/ Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн хүрэл медальт, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, жүдо бөхийн дэлхийн анхны аварга /

-Би хувьдаа Хэфүми Абэг ялна гэж бодож байна. Яагаад гэвэл Абэгийн барилдааны агуулга илүү шүү дээ. Абэ маш олон төрлөөр үүрнэ. Харин Жоширо Марүяма бол зүүн хөмрөх дархан мэхтэй. Тэрийг нь нөгөөх нь мэдэж байгаа болохоор унаж, үнэлгээ алдахгүй. Цаг сунгавал Ж.Марүямад ашигтай. Учир нь Х.Абэгийн үүрээний хүч суларна. Тэгэхээр Абэ өрсөлдөгчийнхөө жийх, унаж шидэх мэхэнд үнэлгээ алдах магадлалтай. Гэхдээ миний бодолоор Абе цаг сунгахгүй байхыг хичээх байх. Тиймээс эцсийн бүлэгт Абэ үүрээд л унагана гэж бодож байна.

М.Уранцэцэг /ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин /

-Миний хувьд Абэг ялна гэж бодож байна. Өрсөлдөгчөөсөө арай илүү гэж боддог. Торгуулиар ялах байх.

Д.Сумъяа /Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, Олимпийн мөнгө, ДАШТ-ий алт, хошой хүрэл медальт, Багийн ДАШТ-ий мөнгөн медальт/

-Жоширо Марүямаг ялах байх гэж бодож байна. Яагаад гэвэл Марүяма нь нөгөөхөөсөө сэтгэл зүйн хувьд арай илүү санагддаг.

С.Ням-Очир /МУ-ын гавьяат тамирчин, Олимп, дэлхийн аваргын хүрэл медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт/

-Абэ ялах байх. Яагаад гэвэл арай олон мэхний хувилбартай. Цаг сунгаад ялах байх гэж бодож байна.

С.Мияарагчаа /Монгол Улсын гавьяат тамирчин, -66 -кг-ын жингийн Дэлхийн Мастеруудын хошой аварга/

-Би энэ хоёрын тулаанд Х.Абэг дэмжиж байгаа. Яагаад гэвэл илүү уран. Тиймээс ялах байх. Этэж, эсвэл хөл тавьж үнэлгээ авна гэж бодож байна. Магадгүй цаг сунгах байх. Гэхдээ л Абэ ялна.

А.Батсуурь /-66 кг-ын жингийн Армийн дэлхийн аварга, ОУХМ/

-Би Марүямаг дэмжиж байгаа. Яагаад ч юм Марүямаг ялна гэж бодоод байна/инээв/. Марүяма энэ олимпод л оролцох боломжтой. Дахиад олимпод өрсөлдөх нь түүнд хэцүү. Харин Абэ нас залуу байна.

Б.Хишигбаяр /Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, -66, -73 кг-ын Монгол Улсын аварга/

-Үнэхээр ур чадвар, хүч чадал тэнцүү өрсөлдөгчид шүү. Япончууд энэ хоёрын барилдааныг торгуулиар шийдэхгүй гэж бодож байна. Үнэн хүчийг нь үзүүлж, үнэлгээгээр барилдааныг дуусгах байх. Эхний хэсэгт Абэ, удвал Марүямад ашигтай. Би хувьдаа Марүямаг арай илүү гэж боддог. Тиймээс ялаасай гэж бодож байна.

Г.Одбаяр /МУ-ын гавьяат тамирчин, ДАШТ-ий хүрэл медальт, Багийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин /

-Энэ удаад Хэфүми Абэ ялах байх. Миний бодлоор нөгөөхөөсөө арай илүү гэж боддог.

Г.Хэрлэн /Дэлхийн Мастеруудын алт, мөнгөн медальт, ОУХМ/

-Абэг ялах байх гэж бодож байгаа. Гэхдээ удаан барилдвал Жоширо ялах боломжтой. Абэ хялааж үзээгүй болохоороо тэвчээр муутай санагддаг. Надад бол тэдний аль нь ч байсан асуудалгүй. Би Марүямаг арай сэтгэл зүй өндөртэй байж магадгүй учраас ялах болов уу гэж бодож байна.

Ё.Басхүү /ДАШТ-ий 5 дугаар байр, “Мастерс”-ийн хүрэл медальт, ОУХМ/

-Абэг ялна гэж бодож байгаа. Нөгөөхөөсөө арай илүү дайчин санагддаг. Гэхдээ тэдний ялах хувь нь 50:50 хувьтай гэж бодож байна. Би тэднийг ялах гэж л бэлтгэлээ хийж байгаа. Миний хувьд аль нь ч ялсан хамаагүй. Тэдний барилдааныг судалж байгаад тэмцээн дээр барилдана гэж бодож байна.

Д.Алтансүх /Жүдо бөхийн ОУХМ, 2016 оны Азийн аварга, IJF-ийн дэлхийн цувралаас 1 алт, 2 мөнгө, 10 хүрэл медаль хүртсэн/

-Би Хэфүми Абэг ялж магадгүй гэж үзэж байна. Абэгийн ялах магадлалыг өндөр гэж харж байгаа. Барилдаан үнэлгээгээр шийдэгдэхгүй байх. Абэг торгуулиар ялна гэж бодож байна. Миний таамаг шүү.

Г.Алтанбагана /Азийн наадмын мөнгөн медальт, Армийн дэлхийн аварга/

-Абэ ялчих байх. Торгуулиар ялах болов уу.

Л.Отгонбаатар /Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт/

-Абэ ялах байлгүй дээ. Гэхдээ яг тэр нь ялна гэж хэлэхэд хэцүү. Хүмүүс бүгд л таамаг дэвшүүлж байгаа. Япончууд тэнцүү тамирчдын барилдааныг торгуулиар дуусгадаггүй. Тийм болохоор оноо авалцах байх. Үндсэн цагт Абэ ялах магадлалтай. Цаг сунгавал Марүямаг ялна гэж бодож байна.

Б.Мөнгөнчимэг /Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин/

-Абэ ялна. Илүү юм байна билээ. Уг нь 2019 оны дэлхийн аваргаар Абэг ялсан гэж боддог. Шүүгчид торгохгүй л байсан болохоос аль эрт Марүямаг гурав торгочих байсан. Гэвч торгоогүй. Абэгийн ажиллагаа арай илүү. 

Ц.Мөнхзаяа /Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин /

-Марүяма ялна гэж бодож байна.

М.Бундмаа /Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин/

-Абэ нэмэлт цагт үнэлгээ авч ялах байх аа. Бодож төлөвлөсөн зүйл байгаа байх.

Ө.Дүүрэнбаяр /Жүдо бөхийн ДАШТ-ий хүрэл медальт/

-Би Марүямаг дэмжиж байгаа. Марүяма үнэлгээ авч ялна.

Б.Тэмүүлэн /Жүдо бөхийн ОУХМ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/

-Марүяма ялнаа. Бооцоо тавих юм уу?

Б.Батгэрэл /Жүдо бөхийн ОУХМ, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч/

-Би бодохдоо Марүямаг ялна гэж бодож байна. Япончууд үнэлгээ автал нь барилдуулах байх. Шидогоор дуусгахгүй.

Г.Отгонцэцэг /Олимпийн хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт/

-Үндсэн цагт Абэ оноо авч чадахгүй бол Марүяма нэмэлт цагт ялна. Сэтгэл зүй, тэвчээрээрээ Марүяма нь илүү санагддаг

С.Шижирбат /Спортын сэтгүүлч, тайлбарлагч/

-Ковидоос шалтгаалж форм хэр байгаа юм бол гэж бодож байна. Абэ эхний хоёр минутад аймаар байдаг. Тэр ирийг нь Марүяма дардаг. Төгсгөлд Абэ сулраад Марүяма ялдаг. Абэ төгсгөлөө сайн хийвэл ялна. Цаг сунгах магадлал өндөр. Марүяма өвдөгний хүнд бэртлээс эргэж ирсэн. Өвдөг бэртээгүй байсан бол Абэ дэлхийд хоёр түрүүлэхгүй ч байж магадгүй байсан даа.

-Бооцоо тавь гэвэл хэнд нь тавих вэ?

-Ковидоос болоод багцаа алдсан л даа. Хэн хэнд нь хэцүү байгаа. Тэмцээн болоогүй удчихсан. Уг нь өнгөрсөн дөрөвдүгээр сард энэ хоёрын барилдаан болдгоороо болсон бол Марүяма ялах магадлал арай илүү байсан. Одоо бол хий хоосон таамаглана шүү дээ. Тэмцээнгүй удсан, хэн хэнийх нь бэлтгэл ямар байгааг мэдэхгүй учраас хэлэхэд хэцүү байна. Нэг торгууль барилдааны тактикт шууд нөлөөлнө л гэж бодож байна.

Жоширо Марүяма VS Хэфүми Абэ нарын барилдааныг доорх линкээр 2020 оны 12 сарын 13-ны ням гаригт Улаанбаатарын цагаар 15:00-аас шууд хүлээн авч үзээрэй.