У.Хүрэлсүх: Мөнгө байвал тараагаад өгнө, гэвч байхгүй

Засгийн газрын ээлжит хуралдааны дараа Ерөнхий сайд У.Хүрэлсүх олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Цар тахлын үед иргэдийн амьдрал хүнд байна. Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдийн хувьд хорионд орж, үйл ажиллагаа нь зогслоо. Түлшний асуудал мөн хүнд байна. Нийслэлд 220.000 гаруй өрх бий. Мөн оюутнууд ирэхээрээ гэр барьж, айлын хашаанд буудаг. Мөн нийслэлд өвөлждөг өрхүүд бий. Иймээс цар тахлын үед сайжруулсан түлшээр хангаж, тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлэх чиглэлээр ажиллаж байна. Эдгээр өрх нэг тонн сайжруулсан түлшийг 150.000 төгрөгөөр худалдан авдаг. Үүнийг 50 хувиар хөнгөлөлттэй буюу 75.000 төгрөгөөр худалдан авах боломжийг олгож байна. Уг хөнгөлөлт маргаашаас эхлэн дөрөвдүгээр сарын 1-н хүртэл үргэлжилнэ. Өмнө нь нийслэлчүүд Налайхын 1 тонн нүүрсийг 180.000 төгрөгөөр худалдан авдаг байсан. Сайжруулсан түлш бол хямдхан.

Мөнгө төгрөг байдаг бол тараагаад өгнө. Хэдэн саяыг өг гээд сайн сайхан зүйл ярьж байгаа. Үнэндээ тийм мөнгө байхгүй. Ард түмний хуурч, цаасан мөнгө хэвлэх үү. 2012-2016 онд 8 их наяд төгрөгийн цаасан мөнгө хэвлэж зах зээлд гаргаснаас болж юмны үнэ өссөн. 

Цаасан мөнгө хэвлэж, гүйлгээнд гаргаж болохгүй. Энэ бол ард түмний амьдралыг дэмжиж байгаа хэлбэр биш. Маргааш нь л талх, мах, цахилгааны үнэ өснө. Энэ бол хамгаалалт биш. Ард түмний амьдралыг, улсынхаа эдийн засгийг хорлож байгаатай адил. 

Иймд бодит зүйл дээр арга хэмжээ авч, ард түмнийхээ амьдралыг дэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс түлшний үнийг 50 хувь хямдрууллаа" гэлээ.

buzznews.mn