Б.Баатархүү: Хөл хориог зөрчсөн 28 иргэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна

Хөл хориотой холбоотой гарсан зөрчлийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү мэдээлэл өглөө.

Тэрбээр "УОК-оос гаргасан шийдвэрийн дагуу улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлыг зарласан энэ цаг үед иргэд гэртээ байж, хууль тогтоомжийг биелүүлж, дүрэм журмаа сахиж байгаа ч хажуугаар нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй үйлдлүүд цагдаагийн байгууллагад бүртгэгдэж байна.

Хулгайн зам буюу автомашинд нууцаар сууж явсан иргэдийн асуудлуудыг цагдаагийн байгууллага шалгаж байна. Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн асуудлаар нийт 28 иргэнийг тогтоосон. Улаанбаатар хотоос Ховд аймгийн чиглэлд хүнс тээвэр ачиж явсан автомашинд Говь-Алтай аймгийн иргэн Энхмаа гэгч нь нийт хүнс тээвэр бус Ховд аймагт оршин суух бүртгэлтэй 10 иргэн, Говь-Алтай аймагт оршин суух 1 иргэнийг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна.

Мөн Хэнтий аймагт 2 иргэн, Дундговь аймгийн Даланжаргалант сумын постоор 2020.115-16-нд шилжих шөнө том оврын автомашинд 4 иргэн сууж нэвтрэх гэснийг саатуулсан байна. Цэрэнболд хэмээх жолоочтой "Нортбенз" маркийн машинд сууж явсан зорчигч Эрдэнэцэцэг гэж Замын-Үүд суманд ажилтай хүн байна.

Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр 3 иргэн нэвтрэх оролдлого хийсэн. Хэнтий аймагт 4, Увс аймагт 2 гэх мэтчилэн 28 иргэн хөл хорио тогтоосон үед дэглэм зөрчсөн. Иймээс иргэд бусдад хууртаж, автомашинд нь суухгүй байхыг анхааруулья" гэлээ.

Мөн цахим орчинд мөрийтэй тоглох байдал нэмэгджээ. Энэ талаар "Цахим мэдээллийн технилоги ашиглан ашиг олох зорилгоор бооцоот болон мөрийтэй тоглоом зэрэг аз туршсан үйл ажиллагаа явуулж байсан 13 цахим хаягийг зохион байгуулж 30 иргэнийг тогтоосон. Эдгээрээс 8 иргэнд сунуулж, 6 иргэнийг Зөрчлийн хуулийн дагуу 100.000 төгрөгөөр торголоо. Эдгээр иргэн нь 1995 онд төрсөн Тулга, 1997 онд Цэнд-Аюуш, Гантулга, Баянмөнх, Очиргэрэл, Болдхуяг нарт хуулийн дагуу хариуцлага ногдуулан ажиллаж байна. Цахим тоглоом ажиллуулж байгаа үйл ажиллагаатай бүхэлд нь хяналт тавьж ажиллаж байгаа. Цахим орчинд мөрийтэй тоглосон иргэдийг тогтоох ажиллагаа хийгдэж байна" гэлээ.

Түүнчлэн архи, согтууруулах ундааг цахимаар хуралдах оролдлого хийсэн 88 зөрчлийг илрүүлэн шалгаж байгаа аж. Үүнд 7 тээврийн хэрэгслийг саатуулсан байна.