“КОВИД-19”-ЫН ЦАР ТАХЛЫН ҮЕД ХҮҮХДИЙН ЭРХ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНИЙ ЧИГЛЭЛ ГАРЛАА

Улсын онцгой комиссын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн “Зорчигч тээврийн хэрэгслийн гарах хөдөлгөөн, бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалт, үзвэр үйлчилгээ, цахим болон хүүхдийн тоглоомын төвүүдийн үйл  ажиллагааг түр зогсоох тухай” 12 дугаар тогтоол гарсантай холбогдуулан ЗГХА, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Хүүхэд хамгааллын мэргэжлийн анги” шуурхай хуралдаж хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тусламж дэмжлэг үзүүлэх чиглэлээр дараах шийдвэрийг гаргалаа.

Нэг.Урьдчилан сэргийлэх чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагаа

  • Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг түр хаасантай холбогдуулан бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт үлдээх, болзошгүй эрсдэлийн улмаас хүүхэд амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлаа алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах;
  • Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн анги удирдсан багш нар эрсдэлт нөхцөлд амьдарч буй суралцагч хүүхэд, сургууль, цэцэрлэгийн хоолноос хамааралтай хүүхдийн мэдээллийг аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд мэдээллэж, хүүхдэд учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх Уриалга гаргах;
  • Хүүхэд хамгаалын бүлгийн хурлыг зохион байгуулж, коронавируст халдвар “Ковид-19”-ын цар тахлын үед хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах хариу арга хэмжээний төлөвлөгөө боловсруулж ажиллах;
  • Байгууллага, аж ахуй нэгжүүдэд “0-12 хүртэлх насны хүүхэдтэй ажилтан, албан хаагчдыг зайнаас ажил үүргээ гүйцэтгэх нөхцөл боломжоор хангаж, хөдөлмөрийн уян хатан нөхцөл боломжийг бүрдүүлэх, тусламж шаардлагатай ажилтан, албан хаагчдын гэр бүлд дэмжлэг үзүүлэх зөвлөмж, уриалга гаргаж, хүргүүлэх;
  • Өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн асрамж, халамжийн төв, Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд ариутгал халдваргүйжилт хийж, тогтмолжуулах, өрөө тасалгааны агааржуулалтыг сайжруулах, гал тогоо, хоол үйлдвэрлэлийн хэсэгт хүнсний эрүүл ахуйн горимыг хатуу сахих;
  • Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны А/80 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын байранд Ковид-19 халдварын тархалтаас урьдчилан сэргийлэх, ажилтны эрүүл мэндийг хамгааалах зөвлөмж”-ийг мөрдөж ажиллах;
  • Коронавируст халдвар “Ковид-19” цар тахлын болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр үнэн бодитой, зохистой мэдээлэл, зөвлөмжийг боловсруулж, түгээх, цахим орчны буруу ташаа мэдээлэлд хяналт тавьж, холбогдох байгууллагад мэдээллэж, устгуулах арга хэмжээ авах;
  • Хөршийн холбоог идэвхижүүлж, хараа хяналтгүй хүүхэд, хүчирхийлэл, гэмт хэрэгт өртөн хүүхэд, эцэг эх, асран хамгаалагчаас тусдаа амьдарч байгаа хүүхэд, хоол хүнс, түлшгүй өрхөд амьдарч байгаа хүүхдийн мэдээллийг аймаг, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд мэдээллэх Зөвлөмж, Уриалга гаргах;
  • “Хүүхэд хамгааллын явуулын үйлчилгээ”-ний төлөвлөлтийг шинэчлэн баталж, гэр хорооллоор мэдээлэл, зөвлөмж өгөх, илрүүлэлт хийх, хамтарсан багийн гишүүдийг ажлын байран дээр чадавхижуулах үйл ажиллагаа зохион байгуулах;
  • Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдэд тавих анхаарал, үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, гэр бүлийн орчин дахь хүүхэд хамгааллыг сайжруулах;

Хоёр.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний бэлэн байдлыг хангах

  • Өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн асрамж, халамжийн төвүүд болон гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид түр хамгаалан байрлуулах үйлчилгээ үзүүлэх чиг үүрэг бүхий Түр хамгаалах байр, Нэг цэгийн үйлчилгээний төвийн хоол хүнс, бараа материал, эм, эмийн хэрэгсэл, цалингийн сангийн нөөцийг тодорхойлж шийдвэрлэх, ажлын хариуцлагыг өндөржүүлэх;
  • Хүчирхийлэлд өртөж хохирсон, аюулгүй байдлын хамгаалалтын үйлчилгээ авах шаардлагатай хүүхдийг хүлээн авахдаа харъяаллын Эрүүл мэндийн төвд үзлэг, оношилгоонд хамруулах, томуу, томуу төст өвчин, бусад халдварт өвчин туссан хүүхдийг эмнэлэгийн тусламж үйлчилгээнд хамруулах;
  • Дүүрэг бүр дээр “хүүхэд хамгааллын шуурхай үйлчилгээний баг” байгуулж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхэд, гэр бүлтэй ажиллаж, гэр бүлд нь эргэн нэгтгэх үйл ажиллагааг  эрчимжүүлэх;
  • Аймаг, дүүрэг, харъяа байгууллагууд нөөц түр хамгаалах байр байгуулж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээний зураглал гаргаж хэрэгжүүлэх;
  • Аймаг, нийслэл, дүүрэг бүр хүүхэд хамгааллын чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллага, хүүхдийн сувиллын газартай хамтран ажиллах гэрээ байгуулж, эрсдэлт нөхцөлд амьдарч байгаа хүүхдийг холбон зуучилж, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх;
  • Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх Олон нийтийн 5 дугаар төвийг “нөөц түр хамгаалах байр” хэлбэрээр ажиллуулах;
  • Амьжиргааны баталгаажих түвшин доогуур өрх болон эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд нэн шаардлагатай тусламж, дэмжлэг үзүүлэх;

Гурав. “Ковид-19” цар тахлын үед зарим арга хэмжээг цуцлах

  • Иргэний андгай өргөх ёслолын арга хэмжээ
  • “Оны онцлох хүүхэд” шалгаруулах ёслолын арга хэмжээ;
  • Харшийн сүлд модны наадам;
  • Төлөвлөгөөт сургалт, зөвлөгөөнийг хойшлуулах, цахим хэлбэрт шилжүүлэх;
  • Албан томилолтыг түр зогсоох;

  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ГЭР БҮЛ, ХҮҮХЭД, ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗАР