УОК-оос Алтанбулаг боомтыг нэгдүгээр сарын 15-н хүртэл хаах санал гаргажээ

 УОК-оос гаргасан шийдвэрийн талаар дөнгөж сая Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Тэрбээр “ОХУ-тай хиллэж байгаа боомтуудаар ажлын хэсэг явж ажилласан.Зам Тээврийн, Хөгжлийн сайд Л.Халтар, Эрүүл мэндийн сайд Т. Мөнхсайхан нар Сэлэнгэ аймагт ажиллаад ирсэн. Алтанбулаг, Боршой, Хандгайт, Цагаануур боомт дээр ажиллаад ирсэн ажлын хэсгийн дүгнэлтийг сонслоо. Мөн Гадаад харилцааны сайд Н.Энхтайван сайдаар ахлуулсан ажлын хэсэг дүгнэлтээ танилцууллаа. Ингээд эрсдэлийг үнэлээд ОХУ-тай хиллэж байгаа Алтанбулаг боомтыг арваннэгдүгээр сарын 16-наас нэгдүгээр сарын 15-н хүртэл хаах саналыг Засгийн газарт танилцуулна. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэнэ. Алтанбулаг боомтоор орж ирсэн 40 орчим ачаа тээврийн жолоочоос коронавирус илрээд байна. Үүнээс гурван жолооч нь хүсэлтээ өгөөд нутаг буцсан. Бусад хүнийг ХӨСҮТ-д авчирж эмчилж байгаа. Халдвар авсан хүмүүсийг Улаанбаатар хотод авчирах тээвэрлэлтийн явцад халдвар хамгааллын дэглэм алдагдаж эрсдэл учрах вий гэж үзсэн хоёр сарын хугацаанд хаах шийдвэрийг гаргаж байна. Иргэдийн зорчигч тээврийн хөдөлгөөнийг хаагаагүй.

Мөн ОХУ-тай хиллэдэг Тэр, Арцхур, Ханх, Ульхан, Эрээнцав боомтуудыг энэ сарын 16-наас эхлэн түр хаах саналыг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Цагааннуур боомтыг гаригийн зохицуулалттай буюу сар бүрийн хоёр, дөрөв дэх долоо хоногт ачаа тээвэр нэвтрүүлж байх саналыг Засгийн газарт танилцуулахаар боллоо" гэсэн юм. 

Ташрамд мэдээлэхэд Улсын онцгой комисс өнөөдөр хуралдаж зарим эрсдэлтэй боомтуудыг хаах эсэхээр ажлын хэсгийн дүгнэлтийг сонссоноор дээрх шийдвэрийг гаргасан байна.