Эх орны өнцөг булан бүрт ажиллаж, амьдардаг шалгарсан, удам дамжсан гар урчуудыг нийслэлд урин дуудаж, бүтээл, бүтээгдэхүүнийг нь олон нийтэд танилцуулах ажил зохион байгуулж буй “Монгол бахархал” сангийн тэргүүн, үндэсний сурын спортын дэд мастер, аймгийн гоц харваач Ч.Ууганцэцэгтай ярилцлаа. МУИС-ийн Биотехнологийн сургуулийг биофизикч мэргэжлээр төгссөн тэрбээр ихэр хөвгүүдээ өсгөн торниулахын зэрэгцээ монгол соёл, өв, уламжлалыг хайрлан хамгаалах, өвлүүлэн дэлгэрүүлэх ажилд ханцуй шамлан орсон нэгэн ажгуу.
-Шилмэл урчуудын бүтээлийн үзэсгэлэн, худалдааг энэ удаад 11 дүгээр сарын 16-нд тохиож буй Монгол бахархлын өдөр нээлтийг нь хийж зохион байгуулах нь учиртай байх. Чухам ямар учир байгаа бол?
-Үзэсгэлэн, худалдааг дөрвөн өдрийн хөтөлбөрэйгөөр зохион байгуулах гэж байна. Нээлт нь 16-нд нийслэлийн төв талбайд болно. Монгол бахархлын өдөртэй бахархал, бахархах гэсэн утгаар холбогдоно. Энэ санг би санаачлан байгуулсан ч, дэмжигч, санаа зорилго нэгтэй олон хүний хамтын хүчээр ажил явуулж байх нь тодорхой болсон. Өмнө нь төрийн бус байгууллагын шугамаар судалгааны ажил их хийдэг байлаа. Их дуртай. Ямар нэг сэдвээрх асуултад хүмүүсийн өгөх хариулт бүр сонирхолтой. Олон жил ажигласнаар хүмүүсийн яриа, хариу үйлдлээс хүн бүр ямар нэгэн юмаар бахархаж, бардамнадаг, хүндэлж, хайрладгийг ойлгосон. Монголчууд бол нүүдэлчдийн дундаас түүх, соёл, өв, уламжлалаар, улмаар ур, ухаан, оюун, сэтгэл шингээн бүтээсэн гар урлалаар ялгардаг. Гэтэл энэ бүгдийг өнөө цагийнхан тэр бүр мэдэж байна уу, бахархаж, үнэлж, эдэлж хэрэглэж байна уу гэсэн асуулт гарч ирсэн л дээ. Бас гайхамшигт гар урчуудын залгамж халаа, хойч үе бэлтгэгдэж байна уу, үгүй юү. Сүүлийн үеийн залуучуудад үндэсний өв, соёлын талаарх мэдлэг, мэдрэмж хомс болсон юм шиг санагддаг. Өөрсдөө бүтээдэггүй юм гэхэд хийж, урлаж байгаа хүмүүст хүндэтгэлтэй хандах, тэднийг монгол үндэстний өв, соёлыг тээгчдийнх нь хувьд хайрлах, туслах, суралцах, ядаж л сонирхдог баймаар. Гэтэл бүгд л ямар нэг дэлгэцээс хамаат болчихсон, гоё сайхны мэдрэмжгүй мэт хүмүүс байх болжээ. Бид багадаа аав, ээжийнхээ хийж буй ажилд туслах гэж, өргөх гэж байвал өрөөсөн талаас нь дэмнэчих гээд зүтгээд байдаг байсан. Одоо бол үгүй шүү. Аль болох биеэ нөөгөөд, мэдсэн ч, мэдээгүй юм шиг суугаад байна. Энэ бол сэтгэл, бодол, сэтгэлгээ тааруухан тал руугаа өөрчлөгдөж эхэлснийх гэж боддог. Гэх мэтийн буруу дадал хэвшил, зуршлыг эерэг зүгт хандуулах арга хайх шаардлага тулгамдж байх шиг. Энэ талаар бодоод л явдаг байлаа. Бас нэг мэдрэмж нөлөөлсөн. Манайх Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул айл. Манай эмээгийн дүү улсын заал цолтой бөх ах өөд болсон юм. Хүргэн ах минь мөн улсын начин цолтой. Тэдний нөлөөгөөр тэр байх, хөдөө манай тэр хавиар хөл хөдөлгөөн ихтэй, найр, наадам ч элбэг байлаа. Гэтэл ах бурхан болсноос хойш нам гүм болчихсон. Найр, наадам гэдгийг идэж, уух гэдэг талаас нь биш, үндэсний, уламжлалт гэсэн бүхэн ил болдог гэдэг утгаар хэрэгтэй ёс, заншил гэж боддог. Тэр хөгжил, хөдөлгөөнгүй мэт нам гүм байдлыг эвдэж, буцаагаад, хуучных шиг хүмүүс бие биеийнхээрээ орж, гарсан, үгийн сайныг хэлэлцэж, үйлийн сайныг хийж байдаг нөхцөл байдлыг бий болгох сон гэж хүсэж байхдаа ерөөсөө өөрөө соёлын өв тээгч болъё гэж бодсон. Нум сум харваж суръя гэж шийдсэн. Хүүхдүүдээ өсгөнгөө хоёр жилийн турш үндэсний сурынхны харваж, цэц мэргэ сорьж буй бичлэг үзэж, судалсан. Өрсөлдөөн дунд хэн, яагаад манлайд нь явдгийг ч мэдэж авлаа. Ингээд 2017 онд юу ч мэдэхгүй нөхөр сур харваачидтай уулзаж, танилцаж, суралцаж эхэлсэн. Анх сум тавьснаас хойш удалгүй 40 сумнаас 23-25 онох жишээтэй, ахицтай байсан болохоор урамшаад өдөржин бэлтгэл хийдэг болсон.
-Ер нь тийм хурдан сурдаг юм уу?
-Уйгагүй зүтгэсэн. Бас эрэл хайгуул хийдэг, юмны эвийг олохоор хурдан хүмүүс түргэн сурдаг юм шиг санагдсан.
-Зорьсондоо хүн юм. Зөвхөн өөрөө соёлын өв тээгч байгаад зогсохгүй, энэ чиглэлд ажилладаг, бүтээдэг бусад хүнийг уриалан дуудаж, нэгтгэн цуглуулах нь. Хүчтэй бүсгүй юм аа.
-Баярлалаа. Хөдөлмөр эрхлэлтийн судалгаа гэх зэрэг ажлаар ийм ажил хийдэг хүмүүсийн дунд явж байхдаа тэдэнд дэмжлэг хэрэгтэй юм байна гэдгийг ойлгосон. Гар урчуудын бүтээлийг өргөн олноороо худалдаж авдаг, мөн гадаад орнуудад гаргадаг болбол орлогын талд, сэтгэл санааны хувьд ч тэр их дэмждэг гэж бодсон. Тийм учраас ийм үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах гэж байгаа юм. Дахиад хэлье. Энэ сарын 16-нд тохиох Монгол бахархлын буюу Чингис хааны төрсөн өдөр нийслэлийн төв талбайд Улаанбаатар хот болон бүхий л аймаг, сумын гар урчуудын бүтээл, бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлт болно. Харин маргаашаас нь гар урчуудын бүтээлийг “ Их Монгол” үзэсгэлэнгийн танхим, Урчуудын эвлэлийн “Арт” галерей зэрэг дөрвөн газарт дэлгэнэ. Үндэсний шилмэл урчуудын хэмээн тодотгож буй уг үзэсгэлэн, худалдаанд оролцохоо мэдэгдсэн урчуудын тоо өдгөө 300-д хүрээд байна.
-Маш өвөрмөц бүтээлтэй урчууд байна уу?
-Бий. Удам дамжсан гар урчууд маш гоё бүтээлтэй. Энэ үзэсгэлэн худалдаа бол энэ чиглэлд хийх ажлын анхных нь юм. Монголынхоо бахархалтай болгоныг товойлгон, тодруулж, өргөн олонд мэдүүлж байх болно. Түүх, уламжлал, соёлын агуулга бүхий элемент бүр үнэ цэнтэй. Энэ ажлаа үндэсний шилмэл урчуудын бүтээлийг олон түмэнд үзүүлэхээс, гайхуулахаас эхэлж байна. Тэдний бүтээлийг дэлгэхэд бэлэн болоод байна.