Д.Нямхүү: Дөрвөн хүнээс Ковид-19 вирус илэрсний нэг нь ХӨСҮТ-ийн сувилагч

Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая COVID-19-ийн халдварын нөхцөл байдлын талаарх мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүүгийн өгсөн мэдээллээр сүүлийн хоёр хоногт ХӨСҮТ-ийн Вирус судлалын хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын авто лаборатори, Сэлэнгэ аймгийн салбар лабораторид нийт 1068 хүнд шинжилгээ хийхэд дөрвөн хүнээс вирус илэрчээ. Тодруулбал,  Алтанбулаг боомтоор орж ирсэн Беларусь улсын 30 болон 48 настай тээврийн хоёр жолоочоос, аравдугаар сарын 20-нд Энэтхэг улсаас ирсэн 19 настай нэг хүний давтан шинжилгээнээс вирус илэрсэн байна. Мөн өвчтөнүүдэд үйлчилж байсан нэг сувилагчаас СOVID-19 илэрсэн байна. ХӨСҮТ-д ажиллаж буй эмч, сувилагчдын тухайд халдварын голомтод 14 хоног орж ажилладаг. Ээлжээ дуусгаад 14 хоног ажиглалт, хяналтад байж байгаад 28 хоногийн дараа гэртээ очдог юм байна.

Ингэснээр Монгол Улсад нийт батлагдсан тохиолдол 356 болж, үүнээс 314 буюу 89.2 хувь нь эдгэрчээ. Нийт 310 хүний ажиглалт, тандалтын хугацаа дууссан. Гэрийн ажиглалтад гурван хүн, сувилалд нэг хүн байна.Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 41 хүн эмчлүүлж буй ажээ. Тэдний 37 нь хөнгөн, дөрвөн хүний биеийн байдал хүндэвтэр байгаа бөгөөд одоо ХӨСҮТ-д 66 хүн ажиглалт тандалтад байгаа гэсэн юм.