Ардчилсан намын бүлэг

 УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Үүнтэй холбогдуулан УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд УИХ-ын нэгдсэн чуулган дээр төсөв, мөнгөний бодлого дээр байр сууриа илэрхийлж буй бөгөөд чуулганы танхимын үүдэнд үзэсгэлэн гаргаад байгаа юм. Тодруулбал, төгрөгийн ханшийн уналтыг өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнээр илэрхийлсэн үзэсгэлэн гаргасан бөгөөд 2016 онд кг цагаан будаа 2400 төгрөг байжээ. Өнөөдөр ийм хэмжээний мөнгөөр ердөө 0.65 кг цагаан будаа авч болохоор байна. 
Мөн онд нэг л сүү 2176 төгрөг, одоо дээрх мөнгөөр 0.68 литр сүү худалдан авна. Элсэн чихэр 1561 төгрөг, 2020 онд 0.52 кг элсэн чихэр буюу талыг нь худалдан авч байна гэдгийг үзэсгэлэнгээр харуулжээ. Түүнчлэн УИХ дахь Ардчилсан намын бүлэг мөнгөний бодлогын алдааг эсэргүүцэж буйгаа УИХ-ын нэгдсэн чуулган дээр илэрхийлж буй бөгөөд ингэхдээ “Монгол Улсын хүн бүр 27 сая төгрөгийн өртэй”, “Тэвчиж болох зардлаа тана”, “Төрийн мөнгө гэж байхгүй, татвар төлөгчдийн мөнгө гэж л бий” гэсэн самбарыг өмнөө мөн байрлуулаад байна.