Б.Жавхлан: Урьдчилсан тооцооллоор төсвийн зардлыг 60-70 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой.

Д.Тогтохсүрэн: Бүлэг төсвийн тухай хуулийн төслийг хоёрдугаар хэлэлцүүлэгт дэмжлээ


УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2020.11.02/ хуралдаж, Монгол Улсын 2021 оны улсын төсвийн тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуралдааны шийдвэрийн талаар МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, дэд дарга Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Б.Жавхлан, УИХ дахь МАН-ын бүлгийн Ажлын албаны дарга С. Далхаасүрэн нар мэдээлэл хийлээ. УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “МАН-ын бүлэг нэгдүгээр хэлэлцүүлгийн өмнө буюу аравдугаар сарын эхээр 2021 оны төсвийн талаар ярилцсан. Ингээд УИХ-ын даргын захирамжаар улсын төсвийг хоёр, гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг байгуулж, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан ахлан ажиллаж байна. Өнөөдөр ажлын хэсгээс боловсруулсан саналуудыг бүлгийн хурлаар хэлэлцээд, тодорхой шийдлүүдэд хүрлээ. Засгийн газар 2021 оны төсвийн төслийг боловсруулахдаа орлогыг нэлээн дайчилж ажилласан. Тиймээс ажлын хэсгээс тодорхой саналуудыг боловсруулсан. Эдгээр саналуудыг олон талаас ярилцаж, зарим нэг улс төрийн шийдвэрийг гаргаж, төсвийг хоёрдугаар хэлэлцүүлэгт дэмжих нь зүйтэй хэмээн бүлгийн гишүүд шийдлээ ” гэв.

Б.Жавхлан: Урьдчилсан тооцооллоор төсвийн зардлыг 60-70 тэрбум төгрөгөөр хэмнэх боломжтой

УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Б.Жавхлан мэдээлэв. Тэрбээр “Төсвийн ажлын хэсэг ойрын хугацаанд нэлээд ачаалалтай ажиллалаа. Энэ жилийн төсвийн онцлог гэвэл, нэг талаас Ковидын үеийн эдийн засаг, нөгөө талаас үндсэн хуулийн өөрчлөлтийн хүрээнд Засгийн газраас өргөн барьж буй анхны төсөв, мөн энэ удаагийн УИХ-ын шинэ Үндсэн хуулийн хүрээнд хэлэлцэх гэж буй анхны төсөв болж байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн хувьд нэлээн өөдрөг төсөөлөлтэй төсөл болсон. 2019 оны гүйцэтгэлээр төсвийн орлого 12.8 их наяд төгрөг байсан бол 2020 оны тодотголоор 10.7 их наяд төгрөг болж буурсан. Тэгвэл 2021 оны төсвийг 13.1 их наяд буюу энэ жилийнхээс даруй 2.4 их наяд буюу, 20 хувиар өндөр төлөвлөсөн. Тиймээс бид энэ орлогыг оруулж чадах уу үгүй юу гэдгийг харж байна. Бидний анхаарч үзэх зүйл бол Төрийн аж ахуйн нэгжүүд буюу, улсын үйлдвэрийн газрууд, орон нутгийн УТҮГ-уудын улсын төсөвт оруулж буй орлого хангалтгүй байна. Засгийн газраас ойрын хугацаанд бүтцийн өөрчлөлт хийж, реформын шинжтэй ажлууд хийхээр болж. Үр ашиггүй энэ олон ААН-үүдийг төр хэл ам татлан байж авч явах хэрэг байна уу. Үүнийг төсөвт, ард түмэндээ ээлтэй байх талд яаралтай арга хэмжээ авч, өөрчлөлтийг 2020, 2021 онд хийж, үр дүн нь 2022 онд гарах зохион байгуулалтыг Засгийн газар нэн даруй хийх хэрэгтэй. Зардал талд, хүүхдийн мөнгөтэй холбоотой хөрөнгө оруулалтууд тэр хэмжээгээр танагдсан. Урсгал зардалд мөн хэмнэлт хийсэн. Ажлын хэсэг ажиллаж, тэвчиж болох хөрөнгө оруулалтууд, хэмнэж болох усргал зардлуудыг судаллаа. Урсгал зардал, хөрөнгө оруулалт нийлээд урьдчилсан байдлаар 60-70 тэрбум төгрөг байхаар тооцооллоо. Үүнээс том дүнтэйг нь дурьдвал халамжийн зардлуудыг нэрлэж болно. Энэ жил 1.3 их наяд төгрөгийг халамжийн зардалд зориулсан. Түүнээс 860 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгө, үлдсэн 500 гаруй тэрбум төгрөгийг 68 нэр төрлийн, хуулиар олгогддог халамжид зарцуулдаг. Эдгээр халамжийн сүүлийн жилүүдийн төсвийн харилцааг судлахад 3.5 хувийн хэмнэлт гаргаж болох судалгаа гарсан. Тиймээс ямар нэг эрсдэл гаргахгүйгээр, 25 тэрбум төгрөгийн хэмнэлт хийж болох санал гарсан байна. Мөн тэвчиж болох нэг удаагийн хөрөнгө оруулалт, нэг удаагийн урсгал зардал, томоохон арга хэмжээний зохион байуулалтаас 20 орчим тэрбум төгрөг гаргахаар төлөвлөсөн байна ” гэв.