Монголын чөлөөт бөх ойрын хэд хоног хөл хөдөлгөөн ихтэй байна. Энэ нь аргагүй ч үгүй биз. Цар тахлын улмаас нэгдүгээр сард болсон насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хойшхи дотоодод тэмцээн, уралдаан зохион байгуулагдаагүй 9 сар гаруй хугацаа өнгөрчээ. Хорио цээр цуцлагдснаар бөхөд дуртай, хайртай үнэнч дэмжигчид бөхөө үзэж, ярих сэдэв нэмэгдсэн гэдэг итгэлтэй байна. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гавьяат тамирчин О.Пүрэвбаатарын нэрэмжит тэмцээн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн цомын тэмцээнийг зохион байгуулсан. Тэгвэл өнөөдөр залгуулаад гавьяат тамирчин Цогтбазарын Энхжаргалын нэрэмжит насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн анхдугаар цомын тэмцээн боллоо. Эмэгтэй чөлөөт бөхийн төрөлд анхны ДАШТ-ий медальт, гавьяат тамирчин, Азийн аваргын мөнгөн медальт, Азийн хошой аварга гээд олон зүйлийн анхдагч, булган сүүлтэй бүсгүй өөрийнхөө нэрэмжит тэмцээнээрээ зодог тайлах ёслолоо хийсэн нь гол үйл явдал байлаа. Дотооддоо УАШТ, “Mongolia Open” ОУТ-ээс өөр эмэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн 10 жингээр ангиллаар зохион байгуулсан тэмцээн сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд болоогүй санагдана.
Тэмцээний нээлтийн ёслолд Зам тээврийн хөгжлийн сайд, МЧБХ-ны ерөнхийлөгч асан Л.Халтар, МЧБХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч П.Гансүх, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга, хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, МЧБХ-ны дэд ерөнхийлөгч, Ж.Түмэн-Аюуш, Б.Өнөбаатар, ардын багш, гавьяат тамирчин Ч.Дамдиншарав, Д.Сэрээтэр, ардын багш, гавьяат дасгалжуулагч А.Басхүү, түүний амжилттай салшгүй холбоотой, анхны багш, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар, “Макс” группийн ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Баттулга, Ц.Энхжаргалын ээж, ах дүү, найз нөхөд нь оролцов. Энэ үеэр Ц.Энхжаргал гавьяат ДАШТ-ий медальт эмэгтэй бөхчүүд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн ачит багш нартаа хүндэтгэл үзүүлсэн. Түүнчлэн одоогоос 52 жилийн өмнөх өдөр Мехикогийн олимпийн наадмаас Монголын чөлөөт бөхийн дөрвөн тамирчин медаль хүртсэн түүхт өдөр өнөөдөр тохиож буй. Олимпийн анхны медальт Д.Сэрээтэр, Ч.Дамдиншарав болон хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Ж.Мөнхбат агсны гэргий Ө.Тамир, гавьяат тамирчин Т.Артаг агсны гэргий Д.Баярлах, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ц.Нацагдорж агсны гэргий Я.Насанбат нарт өөрийн зүгээс дурсгалын зүйл гардуулан өгсөн юм. Түүнд МЧБХ, МҮОХ, Монголын чөлөөт бөхийн үе үеийн эмэгтэй шигшээ багийн тамирчид, Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын нутгийн зөвлөл, ҮБТДС, “Шонхор” сургууль, ах дүү, найз нөхөд нь шил шилээ даран хүндэтгэл үзүүлэв.
Ц.Энхжаргал дэвжээндээ үнсэж борцовко тайлж албан ёсоор зодог тайлсан нь сэтгэл хөдөлгөм агшин байлаа. Тэрбээр өөрийн жингийн дүү, 23 хүртэлх насны ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга ОУХМ Ц.Намуунцэцэгт борцовко гардуулан өгсөн.
17 баг өрсөлдсөн тэмцээний багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо 187 оноогоор багийн дүнгээр тэргүүлж, ОУХМ Г.Наранчимэг дасгалжуулагчтай “Хилчин” спорт хороо 155, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб 130 оноогоор хоёр, гуравдугаар байрыг эзэллээ. Тэмцээний шилдэг дасгалжуулагчаар С.Мөнхдуулдах, шүүгчээр олон улсын шүүгч Х.Чойжилжав, өсөх ирээдүйтэй тамирчнаар өнгөрсөн жилийн өсвөр үеийн Азийн аварга Б.Марал нар тодров.
Монголын эмэгтэй чөлөөт бөхийн түүхэнд анхны гэх тодотголын эзэн Ц.Энхжаргал гавьяатын цаашдын ажил амьдралд сайн сайхан бүхнийг хүсч, өөр шигээ олон мундаг тамирчин төрүүлээрэй гэж ерөөе.
ТЭМЦЭЭНИЙ ДҮН:
50 кг:
1. Ц.Намуунцэцэг (Хас-Мегастарс)
2. Ч.Отгонтуяа (Алдар)
3. Д.Отгонжаргал (Женко)
3. Б.Баярмаа (Женко)
53 кг:
1. Б.Хулан (Аврагч)
2. Н.Анударь (Хилчин)
3. М.Мөнхгэрэл (Женко)
3. Б.Отгонтуяа (Алдар)
55 кг:
1. Г.Отгонжаргал (Алдар)
2. Э.Сумъяа (Хилчин)
3. Б.Болортуяа (Женко)
3. Б.Дөлгөөн (Налайх)
57 кг:
1. Б.Хонгорзул (Женко)
2. Б.Ганцэцэг (Хасу-Мегастарс)
3. Б.Болор-Эрдэнэ (Алдар)
3. Б.Халиунаа (Орхон аймаг, Ирээдүйн одод)
59 кг:
1. Б.Шоовдор (Аврагч)
2. Э.Даваачимэг (Хилчин)
3. М.Ренцэнханд (Хангарьд)
3. Б.Сансармаа (ИЗОУС)
62 кг:
1. Э.Гантуяа (Хилчин)
2. С.Цэрэнчимэд (Алдар)
3. Х.Болортуяа (Аврагч)
3. П.Номин-Эрдэнэ (Алдар)
65 кг:
1. З.Болортунгалаг (Хилчин)
2. Т.Энхжин (Мон-Алтиус)
3. Б.Майцэцэг (Мон-Алтиус)
3. Б.Лхам (МУБИС)
68 кг:
1. Ө.Пүрэвсүрэн (Хүч)
2. Б.Дэлгэрцэцэг (Аврагч)
3. З.Бишрэлт (Спортын төв сургууль)
72 кг:
1. Э.Даваанасан (Алдар)
2. Ш.Түмэнцэцэг (Хилчин)
3. Д.Цогзолмаа (Орхон аймаг, Ирээдүйн одод)
76 кг:
1. О.Бурмаа (Женко)
2. Г.Ариунжаргал (Алдар)
3. Н.Загардулам (Хилчин)
3. Ө.Одбаг (ҮБТДС)
Монголын чөлөөт бөхийн холбоо