Баянхонгор аймгийн 338 ээжид “Эхийн алдар” одон гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга /2020.09.23/ Баянхонгор аймагт ажиллаж, тус аймагт амьдардаг ээжүүдэд “Эхийн алдар” одон гардууллаа.

Баянхонгор аймгаас энэ жил 338 ээж, үүнээс “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг 15, Хоёрдугаар зэргийн одонг 323 ээж хүртлээ.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ХАЛТМААГИЙН БАТТУЛГА ЭЭЖҮҮДЭД ОДОНГ НЬ ГАРДУУЛСНЫХАА ДАРАА:

“Эрхэм хүндэт ээжүүд ээ,

Ачлалт эхчүүд ээ,

Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэж, үндэстний ирээдүй, аз жаргал, гэрэл гэгээ болсон энхрий үрсээ хайр халамжиндаа өлгийдөн авч, өсгөн бойжуулж байгаад тань халуун талархал илэрхийлье.

Дэлхий дахинд тархсан цар тахлын улмаас энэ жил “Эхийн алдар” одонг Хүүхдийн баяраар гардуулж чадаагүй ч нэг сарын өмнөөс засаг захиргааны түвшинд үе шаттайгаар гардуулж эхлээд байна.

Өнөөдөр миний бие Баянхонгор аймгийн 338 ээжид “Эхийн алдар” одонг нь өөрийн биеэр гардуулсандаа туйлын баяртай байна. Баянхонгор аймгаас “Эхийн алдар” Нэгдүгээр зэргийн одонг хүртсэн 15, Хоёрдугаар зэргийн одонг хүртсэн 323 ээжид чин сэтгэлийн баяр хүргэе. Өнөөдөр бол Та бүхний баярын өдөр шүү!

ЭЭЖ хүн бол энэ хорвоо дээр бидний хамгийн дотнын хүн, ЭЭЖ ЭЭ гэж дуудах үртэй байна гэдэг юугаар ч зүйрлэшгүй эрхэм хүндэтгэл билээ. Ийм л нандин сэтгэл, ачлалын эзэн болсон ээжүүддээ монголын төр жил бүр талархал илэрхийлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Эхийн алдар” одон хүртээж, хүндэтгэл үзүүлдэг юм.

Энэ сайхан уламжлалыг үргэлжлэхийн хамт монголын төр үүнээс ч илүүг хийх ёстой. Өөрөөр хэлбэл Монгол Улсын ирээдүйн хөгжил дэвшлийн хөдөлгөх хүч болох залуу үе, хүүхдүүдийг эерэг сэтгэлгээтэй, зөв хандлагатай, бүтээлч монгол хүн болгон хүмүүжүүлэх хүндтэй үүрэг хүлээж, оюун ухаан хүч хөдөлмөрөө зориулж  байгаа эхчүүдийн нийгмийн хамгааллын асуудлыг төр үргэлж анхааралдаа байлгаж, байгаа бүх боломжтоороо тэднийг дэмжих учиртай.

Цаашлаад төр засаг хүүхэд хамгааллын бодлогодоо тэргүүн зэргийн ач холбогдол өгч, хүүхдүүд эрүүл, аюулгүй, таатай орчинд сурч хүмүүжих нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө идэвх санаачилгатай, сэтгэлтэй ажиллах ёстой. Эхчүүдийг дэмжинэ, хүүхдийг хамгаална гэдэг бол монголын ирээдүй болсон хойч үеэ хамгаалж буй хэрэг юм.

Ялангуяа хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд энэ нь тулгамдсан асуудал болоод байна. Энэ чиглэлд миний бие тодорхой ажлуудыг санаачилж хэрэгжүүлсэн, цаашид ч Улсын Их Хурал, Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

Өнөөдөр одонгоо гардан авсан сарангуа ээж нартаа болон хонгор нутгийнхаа нийт эхчүүд, охид эмэгтэйчүүддээ монгол төрийн нэрийн өмнөөс болон хувиасаа дахин халуун талархал илэрхийлж, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Монголын үрс маш олон болтугай” гэлээ.