Д.Мөнх-Эрдэнэ: С.Эрдэнэ 5-6 тэрбум төгрөгийн залилан хийсэн

АН-ын Үндэсний бодлогын хорооны  гишүүн Д.Мөнх-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Би хэн нэгнийг унасных нь дараа заргалдаад яваад байх жудаггүй зантай нэгэн биш. Гэхдээ залилан хийсэн,  эрүүгийн гэмт хэрэгтний хойноос үнэн шударгын төлөө ярих ёстой.

Манай намын дарга сонгуульд ялагдсан. Гэхдээ тэр хүн  миний болон намын гишүүдийнхээ үгэнд ороогүй. Дураараа  дургиж,  эрх мэдлийн төлөө нэр дэвшигчдээ мөнгөөр уралдуулсанаас болж Монголын ард түмэнд дүнгээ тавиулсан.

Уг нь тэр үед залуучуудынхаа үгийг сонсч, зөв зүйтэй залуучууд, эмэгтэйчүүдээ нэр дэвшүүлсэн бол манай нам ингэтлээ дахин ялагдахааргүй байсан.

Яагаад залилан хийсэн гэхээд мань эр 100 гаруй хүн 100 сая төгрөг тушааж, 10 гаруй тэрбум төгрөг намын дансанд төвлөрсөн юм билээ. Намын даргын үүрэг гүйцэтгэж байгаа Ц.Туваан аудит оруулж 2-3 тэрбум төгрөгийн асуудал илэрсэн талаар мэдээлсэн. Мөн өр төлбөрийн асуудал үүсгэсэн гээд 5-6 тэрбум төгрөгийн тухай яригдсан.

Би өмнө нь тайлангаа шударга, ил тод тавихыг сануулж байсан. Үндэсний бодлогын хорооны гишүүдэд зарцуулалтаа танилцуулаад ил тод санхүүжилтээ дэлгэсэн бол намдаа өгсөн мөнгөний араас харамсаад байх зүйл алга.

Энэ нөхөрт залилан хийлгэж мөнгөө алдсандаа харамсаж байна. Энэ мөнгийг аваад хүүхдийн хүчирхийллийн эсрэг, эсвэл асрамжийн газар өгсөн бол хамаа алга.

АН бол үндэсний хэмжээний том нам. Над мэт нь үзэл бодлоосоо урвахгүй гээд өөр намд элссэнгүй. Нам байгуулсангүй. Харин намын ах нарын явж ирсэнчлэн бие даасан. Гэтэл намаа түгжилдэж, саналыг нь хангалттай хуваасан нөхдүүдтэй нийлж Орон нутгийн сонгуульд оролцож байна. Үүнийг би ганцаараа хэлээд байгаа юм биш. Ц.Оюундарь, Х.Тэмүүжин нар ч энэ тухай хэлсэн.

Энэ хүн дахин намын хаалгаар шахайхааргүй их нүгэл үйлдлээ. Тэр хүн АН-ыг байрандаа үнэ төлбөргүй суулгаж байгаа гээд хүргэнтэйгээ томроод байсан. Гэтэл сарын 30 гаруй сая төгрөгийн түрээс төлдөг байсан байна. Үндэсний бодлогын хорооны гишүүдийг “Хандгайт” гээд хувийнхаа амралтын газар аваачид “сордог” гэхчлэн яривал олон асуудал бий” гэлээ.

Мөн тэрбээр Баянгол дүүргийн намын хороог хүртэл хувийн болгоод өмчлөөд авчихсан хэмээн тодотгосон юм. Тэрбээр “Хүргэн нь дүүргийн намын хорооны дарга. Хэрэв Орон нутгийн сонгуулиар нам нь ялбал хүргэн нь Засаг дарга болох нь. Ингэж нутгийн өөрөө удирдах байгууллагыг хувийнхаа өмч болгон авах нь. Иймээс ах дүүсээрээ намын байгууллагын дээд, доод шатанд байх эрхгүй” хэмээлээ.