“Эрдэнэт”-ийг шалгах ажлын хэсгийн ахлагчийг яагаад өөрчлөв

“Эрдэнэт үйлдвэр”-ийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээс салгаж, Я.Содбаатарын “мэдэлд” шилжүүллээ. Тодруулбал, Засгийн газар өнгөрсөн долоо хоногт шийдвэр гаргаж, “Эрдэнэт үйлдвэр” болон “Монголросцветмет” ТӨҮГ-ыг шалгах ажлын хэсэгт өөрчлөлт оруулсан байна. Өмнө нь ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ ахалж байсан бол Шадар сайд Я.Содбаатар ажлын хэсгийг ахлахаар болжээ.

У.Хүрэлсүх Ерөнхий сайд болмогцоо “Эрдэнэт”-ийн 49 хувийнхныг хөөн гаргаж, Онц байдал тогтоох нэрийн дор удирдлагыг Л.Оюун-Эрдэнэ сайдад шилжүүлсэн юм. Уг нь онц байдал тогтоон, “Эрдэнэт үйлдвэр”-т шалгалт оруулснаар шахаа устаж, үе үеийн удирдлагуудын үнэн илчлэгдэнэ гэж итгэсэн ч эсрэгээрээ нууц уулзалт, худалдан авалт явагдаж эхлэх нь тэр.

Онц байдал тогтоосон өнгөрсөн хугацаанд “Эрдэнэт үйлдвэр”-т юу болж өнгөрснийг эргэн сануулья.

Засгийн газраас тогтоосон онц дэглэм хууль бус байсныг тухайн үед хэвлэлүүд илчилсэн. Үндсэн хуультай зөрчилдөж, Цэц дээр унах шалтгаан болсон эл үйлдлийн талаар хэн ч маргаан үүсгээгүй. Чухамдаа тэрхүү шийдвэртэй заргалдаж, асуудал үүсгэсэнгүй. Харин ч хууль бус шийдвэрийг бүгд хэл амгүй дагаж, мөрдсөн.

Удалгүй Хэнтий аймгийнхан Эрдэнэтийг зорих нь ихсэв. Уг нь онц байдлын хугацаанд нэг ч хүн халж, бас авахгүй хэмээн мэдэгдэж байсан Л.Оюун-Эрдэнэ хэлсэндээ хүрээгүй. “Эрдэнэт үйлдвэр”-т бүтцийн өөрчлөлт хийгдэж, Хэнтий аймгийн залуус албан тушаалд томилогдож эхэлсэн юм. Тухайлбал, Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын орлогчоор ажиллаж байсан Б.Баттулга Уурхайчин соёлын ордны орлогч даргын сэнтийд залраад байна. 2016 оны сонгуулиар “Бид зүтгэнэ, Хамтдаа хөгжинө” хэмээх уриан дор Л.Оюун-Эрдэнэ, Б.Баттулга, Б.Оюунбаатар нар гар барьж, инээмсэглэсэн сурталчилгааны хуудас Хэнтий аймгийн Дадал сумыг бараг бүрхсэн. Б.Баттулгаас гадна Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны нэр бүхий 8 хүн мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ажлын байраар хангагдаад байсан үе. Ингэж Эрдэнэтчүүдийн хэлсэнчлэн Ж.Батзандан, Л.Оюун-Эрдэнэ нарын шударга ёс шувтарсан.

Эрдэнэт үйлдвэрт онцгой дэглэм тогтоосны дараахь 10 тэрбум төгрөгийн худалдан авалт ч анхаарал татсан. Харамсалтай нь эл дуулианы эзэд тэнд “шургалсан” эхнэр нөхөр хоёр гэгддэг. Тодруулбал, шинээр томилогдсон дэд захирлууд дунд Д.Үүрийнтуяа гэж бий. 2017 оноос Х.Бадамсүрэн захирлын зөвлөхөөр ажиллаж байсан нэгэн.  Д.Үүрийнтуяаг МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Бат-Энх болон Гадаад хэргийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатарын тавиул гэлцэх нь бий.

Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа нь дээрх нэр бүхий эрхмүүдээс гадна УИХ-ын Ц.Анандбазарын дэмжлэгтэй ганхашгүй нэгэн. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрт ажиллахаас өмнө буюу 2014-2016 онд “Сод монгол групп” ХХК-ийн Орхон салбарын дарга, группийн худалдаа эрхэлсэн дэд захирлаар ажиллаж байсан. “Эрдэнэт үйлдвэр”-т орсныхоо дараа хуучин байгууллагаасаа 85.9 тэрбумын худалдан авалт хийсэн дуулианы эзэн.

Түүнчлэн түүний нөхөр Д.Тамир эхнэр Д.Үүрийнтуяагийн томилгооны дараахан буюу 2019 оны дөрөвдүгээр сарын 26-нд Эрдэнэт үйлдвэрийн Инженерийн зураг төсвийн төвийн даргаар томилогдсон. Д.Тамир төсөвт өртгийг гаргаад эхнэр Д.Үүрийнтуяа гэрээг зурдаг болсон гэсэн үг. Өнөөх Нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль хэдийнэ тэдний уланд гишгэгдсэн.

“Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоосны дараахь 10 тэрбум төгрөгийн худалдан авалтад эл эхнэр, нөхөр холбогддог. Нөхөр Д.Тамир нь 2019 оны аравдугаар сард барилгын материалын 10 тэрбумын худалдан авалт хийх төсөвт өртгийг хийж, түүнийг эхнэр Д.Үүрийнтуяа нь үзэглэн баталсан гэх.

Мөн хоёр ч удаа тендерээс хасагдсан компани шууд гэрээ байгуулсан асуудал “Эрдэнэт”-д бий. Тодруулбал, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас Ус хангамжийн цехийн цэвэр ус дамжуулах 3-р шугам ф820мм ган хоолойг угсрах тендер зарлагдсан байдаг. Уг тендерт хятадын “Донхон Пайл Индастри”, “Чайна Энержи Инженеринг групп”, “China Geo Engineering corporation”, “Синохидро Корпорейшн лимитед”, “Сокол”, компаниу өрсөлджээ. Шалгаруулалтаар Хятадын “Синохидро Корпорейшн лимитед” ХХК шалгарсан байдаг. Гэвч Сангийн яамнаас тус компанийг тендерийн хууль зөрчсөн хэмээн дээрх тендер шалгаруулалтыг хүчингүй болгов. Ийнхүү дахин тендер зарласан бөгөөд өнөөх компани хоёр дахиа оролцсон байна. “Эрдэнэт үйлдвэр” ч шууд гэрээ байгуулсан.

Энэ мэтчилэн Л.Оюун-Эрдэнэ сайдын хоолойд “хутга” тулгах олон асуудал бий.

ЭХ СУРВАЛЖ:BUZZNEWS.MN