ЗГ: Хоёр настнууд цэцэрлэгт хамрагдаж болно

Засгийн газрын өнөөдрийн ээлжит бус хуралдаанаар шийдвэрлэсэн асуудлын талаар Засгийн гарын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг мэдээлэл өглөө. Тэрбээр: 

  • Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн хугацааг аравдугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгахаар болсон. Гэхдээ хилээ нээх болоогүй. Чартер нислэгүүд үргэлжилсэн хэвээр байна. Одоогоор 12 мянга гаруй иргэд ирэх хүсэлтээ өгөөд байна. 
  • Ковид-19 вирусийг дотооддоо алдаагүй байгаа учираас ААН-үүд, урлаг соёлын арга хэмжээ, худалдаа үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллага, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын үйл ажиллагаа, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа хэвийн горимд шилжүүлж байна. Баар цэнгээний газрууд болон үйлчилгээ, урлаг соёлын арга хэмжээг хэвийн горимоор ажиллах нөхцөлийг бүрдүүлнэ.  Тухайн бүс нутгийн онцгой комисс хуралдаж, ямар журмаар явуулахыг шийднэ.
  • Есдүгээр сарын 21-нээс улс даяар ЕБС-иуд танхимаар хичээллэнэ. Тодруулж хэлбэл, ажлын таван өдөр бүгдэд нь танхимаар хичээллэхээр болсон гэсэн үг. Үүнд бүх шатны сургалтын байгууллагын үйл ажиллагаа хамаарна. 
  • Гэрийн тусгаарлалтын 14 хоногийг хүчингүй болгож, зөвхөн  тусгаарлах байранд 21 хоног тусгаарлана. 
  • Хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах орчныг бүрдүүлэхийг бүх шатны байгууллагуудад үүрэг болгосон. Цэцэрлэгүүд өөрсдийн нөөц боломжоо дайчлан хоёр настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулах боломжтой болох юм байна. 80 мянга гаруй эцэг эхчүүд хоёр настнуудаа цэцэрлэгт өгөх боломжгүй учраас ажил хийж чадахгүй байна гэсэн гомдол их ирж байна. Тиймээс цэцэрлэгт хамруулах ёстой. Мөн цэцэрлэгийн хүртээмжээс шалтгаалаад Хүүхэд харах үйлчилгээнд өгч болно.