ШӨХТГ:

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас шатахуун түгээх станцуудад хийсэн шалгалтын дүнг өнөөдөр  танилцууллаа. Энэ талаар ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам "Энэ оны наймдугаар сарын 6-нд шатахууны жижиглэн худалдаа эрхлэгчид үнэ нэмсэн эсэхэд шалгалт хийхэд зарим газрууд шатахууныхаа үнийг ил тод мэдээлээгүй, ямар үнээр иргэд хэрэглэгчдэд худалдан борлуулж байгаа нь тодорхойгүй зэрэг нийтлэг зөрчил хяналт шалгалтаар илэрсэн. Шатахууны худалдаа эрхлэгчдийн дунд картын хөнгөлөлт, урамшуулал зарлах явдал нь түгээмэл байна. Зарим тохиолдолд урамшууллыг ойлгомжгүй, хэрэглэгчийг төөрөгдүүлсэн байдлаар зохион байгуулсан тул хуулийн дагуу уг зөрчил дутагдлыг таслан зогсоох чиглэл өглөө. Түүнчлэн “Петровис трэйдинг" ХХК дизель түлш, АИ92, АИ80 зэрэг газрын тосны бүтээгдэхүүнийг бөөнөөр худалдан борлуулахдаа борлуулалтын гэрээ хийдэггүй. Аюултай бараа тээвэрлэж яваа бол гэрээ байгуулж ажиллах ёстой байтал шаардлагыг биелүүлээгүй, дотоод хяналт бүрдээгүй байна" гэсэн юм.  

Түүнчлэн есдүгээр сарын 4-нд хийсэн шалгалтаар хууль бусаар жижиглэнгийн худалдаа эрхэлсэн нэр бүхий гурван тээврийн жолооч, зориулалтын бусаар ашигласан гэх тээврийн хэрэгслийг баримтжуулжээ. Ингэхдээ,

22-ын товчоо орчимд шатахууны хууль бус худалдаа эрхэлсэн зөрчлийг илрүүлсэн.

Сонсголон орчимд зарим шатахуун түгээх станцуудын ойролцоо портероор шатахууны жижиглэн худалдаа эрхэлсэн зөрчлийг илүүлж, таслан зогсоосон.

Сонгинохайрхан дүүргийн ТЭЦ-4 орчим портертой иргэн худалдаа эрхэлсэн үйл ажиллагааг илрүүлж таслан зогсоосон.

Есдүгээр сарын 7, 8-ны өдрүүдэд бөөнөөр худалдах үйл ажиллагаа эрхэлж буй газруудад шатахуун хадгалах, нөөцлөх үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн. Ингэхэд эхний дүгнэлтээр,

  • "Тэс Петролуим" ХХК-ийн ШТС-7-ын дизель түлш болон АИ92 авто бензины хоёрдугаар савнаас бохирдол буюу ус илэрсэн.
  • "Шунхлай” ХХК-ийн ШТС-32 АИ95 авто бензины савнаас ус илэрсэн, лаг наалдсан байдалтай гарч ирсэн.
  • "Синчи Ойл" ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины хоёрдугаар савнаас ус илэрсэн.
  • “Петрожамп” ХХК-ийн ШТС-2-ын АИ92 авто бензины савнаас ус илэрсэн нөхцөл байдал тогтоогдсон гэв.