Чуулган: Урсгал зардлыг танахыг гишүүд Сангийн сайдад

Төсвийн тодотголыг чуулганы хуралдаанаар хэлэлцэж эхэллээ. Алдагдалтай баталсан төсвийн нөхцөл байдал цар тахлаас улбаатай улам хүндэрсэнийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуралдааны эхэнд танилцууллаа.

Тэрбээр "Он дуустал нөхцөл байдал сайжрахгүй, төсвийн орлого 3.4 их наяд төгрөгөөр буурч, оны эцэс гэхэд төсвийн алдагдал 4.3 их наяд төгрөгт хүрэх нөхцөл үүсээд байна. 

Энэхүү давагдашгүй хүчин зүйл болох цар тахал, хөл хорионоос үүсэлтэй эдийн засаг төсөв санхүүгийн хүндрэл үргэлжилж байгаа ч Засгийн газар иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдээ дэмжих бодлогыг үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ. 

Иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ААН-үүдийг дэмжих хүрээнд: 

  •  18 хүртэлх насны 1,250,000 хүүхдэд сар бүр 100,000 төгрөг олгоход зориулж 300 тэрбум төгрөг
  •  Нийгмийн халамжийн тэтгэвэр авагч 60,000, байнгын асаргаатай хөгжлийн бэрхшээлтэй 13,300 хүүхдэд олгох халамжийн тэтгэмжийг тус тус 100,000 төгрөгөөр нэмж олгоход 22 тэрбум
  •  Хүнсний дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай 124,000 хүнд сарын 32,000 төгрөгийн хүнсний эрхий бичиг олгох
  •  НДШ-ийн хувь хэмжээг ажил олгогч 4%, даатгуулагч 5%-аар олгох хөнгөлөлт үзүүлэхэд нийт 552.3 мянган даатгуулагчийн 144.4 тэрбум төгрөгийн шимтгэл чөлөөлөгдөнө
  •  Жилийн 1.5-аас доош тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой 105 мянган ААН-ийн орлогын татварыг чөлөөлнө. 
  •  Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд орлогын татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлнэ. 
  •  Коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуур, эмчилгээнд хэрэглэх эм, тоног төхөөрөмж, амны хаалт зэргийг гаалийн татвараас үргэлжлүүлэн чөлөөлнө.

Түүнчлэн иргэдийн ЭМ-ийг цар тахлын эрсдлээс хамгаалах, томуугийн вакцин худалдан авах зэрэгт шаардлагатай 105.6 тэрбум төгрөг нэмж зарцуулна. Үүнтэй холбоотой халдвартай нүүр тулан ажиллаж байгаа албан хаагчдыг амны хаалт хэрэгслээр хангах, эмч сувилагчдад илүү цагийг мөнгө олгох, сувлагчдад олгох мөнгөнд 22.2 тэрбум төгрөг зарцуулна. 

Төсвийн тэвчиж болох зардлыг бууруулах замаар төсвийн алдагдал, Засгийн газрыг өрийг бууруулах чиглэлээр:

 Төсвийн хөрөнгө оруулалтаас гэрээ байгуулаагүй 119 төслийг хасах, ажлын гүйцэтгэл удаашралтай 344 төслийн санхүүжилтийг хойшлуулж, 513.6 тэрбумын зардлыг бууруулж байна. Харин зайлшгүй хэрэгжүүлэх төслийн ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах, үерийн улмаас эвдэрсэн гүүр, замыг сэргээхэд зориулж 16 тэрбум төгрөгийг нэмж суулгав. 

 Төсөвт байгууллагуудын албан томилолт, тавилга, эд хошгил худалдан авах зэрэг тэвчиж болох урсгал зардлыг 118.2 тэрбум төгрөгөөр бууруулж байна.  Харин ЭМ, цагдаа, хил, онцгой байдал зэрэг тусгай үүргийн байгууллагуудын зардал бусад төсөвт байгууллагын ажилчдын цалин хөлс, иргэдийн тэтгэвэр тэтгэмжийн зардлыг бүрэн санхүүжүүлэхээр төлөвлөж байна. 

 Шинээр ашиглалтад орох эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаатай холбоотойгоос бусад тохиолдолд төрийн байгууллагуудын чиг үүрэг, бүтцэд өөрчлөлт хийх замаар орон тоо нэмэгдүүлэхийг хязгаарлалаа. 

Төсөв хэмнэхийн зэрэгцээ эдийн засгийг сэргээх ажлыг хэрэгжүүлнэ" хэмээн гишүүдэд танилцуулсан.

Гэвч танаж, тэвчиж болох урсгал зардлуудыг хөндөөгүйг гишүүд шүүмжлэлж, Сангийн сайдыг багагүй зэмлэсэн. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар, Ц.Мөнх-Оргил нар урсгал зардлаас эхлээд тэвчиж болох бүхий л зардлыг тултал нь танахыг Сангийн сайдад зөвлөв. Мөн асуулт асуусан гишүүд Сангийн сайдыг багагүй эмзэглүүлээд дөнгөв. Ямартаа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар гишүүдийн асуултад хариулахдаа гоморхож, туньж байгаагаа илэрхийлж нөгөөдүүл нь "Гомдоод байх шаардлагагүй" гэх байдлаар сөргүүлж байдаг шүү.

Төсвийн тодотголыг хэлэлцэж дуусах хүртэл Сангийн сайд хэсэгтээ нөхөддөө гомдож, их л эмзэгхэн байх бололтой.

Чуулганы хуралдаан үргэлжилж байна.