Ж.МӨНХБАТ:  СОЁЛЫН ЯАМЫГ БАЙГУУЛСАН ГОЛ  ЗОРИЛГО НЬ НИЙГМЭЭ СОЁН ГЭГЭЭРҮҮЛЭХ

Улсын Их Хурлын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат Байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд салбарын сайд, холбогдох байгууллагуудын удирдлагыг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Соёлын сайд С.Чулуун, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэн нар оролцож салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох болон ойрын үеийн тулгамдсан асуудлаар санал солилцов.

Байнгын хорооны дарга Ж.Мөнхбат уулзалтын үеэр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Соёлын тухай, Киноны тухай, Музейн тухай зэрэг хуулийн төслүүд болон салбарын тулгамдсан асуудлаар цуврал хэлэлцүүлгүүд зохион байгуулах, УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэх 2021 оны төсвийн тухай хуульд оруулах санхүүжилт, хөрөнгө оруулалтын төслийн саналыг бэлтгэхэд анхаарч, ажлаа шуурхайлахыг хүслээ.