Өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг 2020 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал сунгав

Улсын онцгой комиссын хуралдаан 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдөр болж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх хугацаа, эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг наймдугаар сард тусгай үүргийн нислэгээр татан авах зэрэг асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргалаа.

Монгол Улсын Шадар сайдын 2017 онд баталсан Эрсдэлийн үнэлгээний аргачлалын дагуу холбогдох байгууллагууд 07 дугаар сарын 23-ны өдөр үнэлгээ хийхэд КОВИД-19 халдвар манай улсын хүн амын дунд тархах эрсдэл “Өндөр” гэж гарчээ. Өнөөдрийн байдлаар хөрш БНХАУ-д хоногт 160-180 тохиолдол, ОХУ-д хоногт 4-6 мянган хүн халдвар авч байна. Өвчлөл буурахгүй байгаа шалтгааныг хөл хорионы дэглэмийг бууруулсан, иргэд буруу, ташаа мэдээлэлд автаж анхаарал нь суларсан, амны хаалт зүүхээ больсон зэрэгтэй холбон тайлбарлаж байна. Одоогоор дэлхийн 35 улс онц байдал зарласан бол 22 улс хөл хорио тогтоон, 88 улс хилээ хэсэгчлэн болон бүрэн хааж, хөл хорио тогтоох, хилээ хаах хугацааг тухай бүр нь сунгаж байна.