ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарт 3 жилийн ял оноолоо

ТЕГ-ын дарга асан Б.Хурц, УЕП-ын орлогч Г.Эрдэнэбат нарын есөн хүнд холбогдох шүүх хурал таван өдөр үргэлжилж, өчигдөр орой шийдвэрээ гаргалаа. Тодруулбал, Төв аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Б.Хурц, Г.Эрдэнэбат, С.Баярт, Ж.Мөнхгал нарт 3 жилийн хорих ял, Э.Өлзийбаярт 1 жилийн хорих ял, О.Бямбажавд 2 жилийн хорих ял, Ү.Отгонбаярт 2 жилийн хорих ял оноож, О.Бархасбадь, С.Эрдэнэбат нарыг цагаатгахаар шийдвэрлэлээ.

Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга асан Б.Хурц, ТЕГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга асан, хурандаа О.Бархасбадь, мөрдөгч Ж.Мөнхгал, С.Баяр, Ү.Отгонбаяр, С.Эрдэнэбат, Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ерөнхий газрын ажилтан Э.Өлзийбаяр, О.Бямбажав, Улсын ерөнхий прокурорын орлогч асан Г.Эрдэнэбат нарыг  С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн үндэслэлээр буруутган, шүүсэн билээ.