Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад 6 жилийн хорих ял оноолоо

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат  нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр 9:00 цагт эхэлсэн. Улмаар  анхан шатны шүүхийн шийдвэр дөнгөж сая гарч шүүгдэгч Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар нарт зургаан жилийн хорих ял оноолоо.  Мөн Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатыг 6 жил нийтийн албанд томилогдохгүй байхаар дөнгөж сая шийдвэрлэлээ.

Шүүхээс Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, Засгийн газрын 2017 оны 90, 91 дүгээр тогтоолоор баталсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрын хилийн зааг, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагт хамааралгүй газарт нөхөн олговор олгохдоо бусдад давуу байдал олгосон хэмээн буруутгалаа. Ингэхдээ, УИХ-ын 2011 оны тавдугаар сарын 5-ны 18 дугаартай тогтоолоор дархан цаазат газрын хилийн заагт Булган аймгийн Тэшиг сумын нутагт орших Зэд, Хантай, Бүтээлийн нуруунд байрлах ашигт малтмалын хайгуулын 43 мянга шахам, ашиглалтын 407.5 га талбай нь багтсан “Азаргын гол чонот” ХХК-ийг хамруулсан нь Ж.Эрдэнэбатыг буруутгах гол үндэслэл болсон гэдгийг прокурорууд шүүх хурлын үеэр тайлбарласан. Мөн Тост, Тосон бумбын нурууны хамгаалалтын бүсэд багтсан, Өмнөговь аймгийн Гурвантэс сумд байрлах “Улаан сайр-2” нэртэй талбайг дүү Ж.Эрдэнэтөгсийнхөө хамт үүсгэн байгуулсан “Хэрх илч” компаниар дамжуулан таван сая төгрөгөөр худалдан авч өөртөө болон төрсөн дүү Ж.Эрдэнэтөгсөд давуу байдал бий болгосон гэм буруутайд шүүхээс тооцлоо.