"Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрлэлийн бүсийг улсын онцгой обьект болгож, компанийг Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүллээ.

Дотоодын цэргийн хамгаалалтад шилжүүлэх ажиллагаанд Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн оролцож, “Тавантолгой түлш ХХК бол онцгой обьект. Нийслэлийн айл өрхийн гал голомтод орох түлшийг аюулгүй, найдвартай үйлдвэрлэх учиртай. Тиймээс та бүхний ажил үүрэг, сонор сэрэмж хамгаас чухал. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье” гэсэн юм.

Энэ үеэр Эрчим хүчний сайд "Тавантолгой түлш" ХХК-ийн үйлдвэрийн засвар, шинэчлэлийн ажилтай танилцлаа.

"Тавантолгой түлш" ХХК үйлдвэрлэлийн ачаалал буурсантай холбогдуулан урсгал засвар болон их засварын ажлыг эхлүүлээд байна. Засвар ажлын хүрээнд үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах, байгаль орчин, ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр дорвитой ажлуудыг хийж хэрэгжлүүлнэ.

Шахмал түлшний түүхий эд болох миддлингийг бутлах явцад их хэмжээний тоос агаарт дэгдэж ойр орчимд бохирдол үүсгэдэг. Үүнийг шийдвэрлэх зорилгоор үйлдвэр тус бүрт ажиллаж байсан бутлууруудыг битүү байртай болгох, цаашлаад бутлуурын нэгдсэн системтэй болгох ажлыг эхлүүлээд байна. Тэрчлэн дамжлагын шугамаас их хэмжээний тоосжилт үйлдвэрийн орчинд гардаг байсан бол үүнийг битүүмжлэлтэй болгох ажлыг хийж байна. Ингэснээр үйлдвэрт ажиллаж байгаа ажилчдын эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөө багасах юм. Мөн үйлдвэрийн орчны тоосжилтыг бууруулах зорилгоор үйлдвэрийн барилгуудад салхивч, гэгээвчүүдийг нэмэгдүүлж, үйлдвэрийн шалыг тогтмол хугацаанд цэвэрлэж, угаадаг байх системийг хийхээр төлөвлөжээ.

"Тавантолгой түлш" ХХК-ийн баруун бүсэд өнгөрсөн өвөл 5 үйлдвэрийн 13 шугам ажиллаж сайжруулсан шахмал түлшийг иргэдэд тасралтгүй үйлдвэрлэн түгээсэн. Өнгөрсөн өвөл гарсан алдаа дутагдалд дүн шинжилгээ хийж ирэх өвөл үйлдвэрийн гэмтэлгүй ажиллах зорилго тавин засварын ажлуудыг эрчимжүүлээд байна. Тухайлбал, үйлдвэр тус бүрт 25 кг-аар савладаг автомат машиныг суурьлуулж байгаа юм. Ингэснээр хүний оролцоо буурч, ажлын бүтээмж эрс нэмэгдэх сайн талтай юм.

Нийслэлийн айл өрхүүдийн ирэх өвлийн хэрэгцээг хангах зорилгоор сайжруулсан шахмал түлшний нөөцлөлтийн ажлыг эхлүүлээд байгаа юм. Нийслэлийн хэмжээнд 52 саравч, 1000 тоннын багтаамжтай дөрвөн агуулахад нөөцлөөд байгаа юм. Тэрчлэн аж ахуйн нэгжүүдийн ирэх өвлийн хэрэглээний түлшийг одооноос эхлэн түгээж, худалдан борлуулж байна.