СЕХ: Улсын хэмжээнд 164 хэсгийн хороонд хяналтын тооллого хийхэд ганц ч зөрүү гараагүй

2020 оны УИХ-ын ээлжит сонгуулийн дүн гарснаас хойш нам, эвсэл сонгуулийн дүнтэй санал нийлэхгүй хэмээн гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор өнгөрсөн амралтын өдрүүдэд маргаан гарсан торйгуудын саналыг гараар дахин тоолсон билээ. Тэгвэл энэ асуудалтай холбоотойгоор СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн дөнгөж сая мэдээлэл өглөө.

Тэрбээр, Ерөнхийлөгчөөс СЕХ-ны гишүүдийг хүлээж авч, албан бичиг ирүүлсэн. Гомдол гаргасан хэсгүүдэд амралтын өдөр гараар дахин тооллогыг хийх үүрэг өгсөн.Ингэхдээ Ерөнхийлөгч хуульд зааснаар 50 хүртэлх хувьд нь гомдол гаргасан нам эвслийг байлцуулж тооллого хийхийг үүрэг чиг болгосон. СЕХ зургадугаар сарын 27-ны 17:40 цагаас зургадугаар сарын 28-ны 00:21 цагийн хооронд хяналтын тооллогыг хийж дууслаа. Гомдол гаргасан нийслэлийн 6 тойрог, мөн Өвөрхангай,Өмнөговь, Дорнод, Дархан-уул аймгийн 5 тойрог, нийт 164 хэсгийн хороонд хяналтын тооллого хийлээ. Нам эвсэл, бие даагчдын 645 ажиглагч оролцож, хяналт тавьлаа. Нийтдээ 71,3 сая төгрөгийн зардал гарлаа. Хяналтын тооллогыг цагдаа, тагнуулын хяналтад хийлээ. Хяналтын тооллого хийсэн 164 хэсэгт санал авах тоолох машины дүн, саналын хайрцагт байгаа хуудасны тэмдэглэгээтэй бүрэн тохирч, ямар нэгэн зөрчил гараагүй. Хяналтын тооллого хийх явцад нэр дэвшигчдийн ажиглагчид хяналтын тооллогын үр дүнг зөвшөөрч гарын үсэг зурсан” гэсэн юм.