С.ЭРДЭНЭБОЛД: СҮХБААТАР ДҮҮРЭГТ ХЯНАЛТЫН ТООЛЛОГО ХИЙЛЭЭ, ТООНУУД МӨРГӨЖ БАЙНА

УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн будлиантай болсон гэдэг нэр дэвшигчдийн гомдлоор Сонгуулийн Ерөнхий хороо, нэр дэвшигч нарыг өөрсдийг нь байлцуулан, санал хураалтын хуудсыг дахин тоолох шийдвэр гарсан. Мөн үнэмлэхүй ялалт байгуулсан МАН ч дахин тооллого явуулах нь зүйтэй гэсэн.

Тэгвэл маргаантай гэж үзэж байгаа тойргууд дээр гараар тоолж байгаа бөгөөд эхний тойргууд дээрх тооллогын дүн гарчээ. Тодруулбал, АН-аас нэр дэвшигч нарын гомдлоор Сүхбаатар дүүрэгт саналын хуудсуудыг тоолж дуусчээ. Энэ талаар Сүхбаатар дүүргийн 25-р тойрогт АН-аас нэр дэвшсэн С.Эрдэнэболд “За Сүхбаатар дүүрэгт хяналт хийлээ. Тоонууд мөргөж байна. Одоо сонгуулийн үр дүнтэй зууралдалгүй дараагийн ажилдаа орцгооё. Ялсан нь ажлаа сайн хийх, ялагдсан нь алдаагаа засах цаг. Бид нэг монгол. Эвлэрэх зай үлдээж уужим саруул байцгаая” хэмээн олон нийтийн сүлжээгээр дамжуулан мэдэгдлээ.