МАН-ын дарга У.Хүрэлсүхийн сонгуулийн тактик зөв байжээ

МАН-ын дарга У.Хүрэлсүхийн сонгуулийн тактик зөв байжээ. Олонд танигдсан, хийсэн ажил хэлэх үгтэй, нутаг орондоо нэртэй хүчтэй улстөрчдөд 1-2 шинэ хүнийг дайж илгээхдээ багаараа ажиллахыг үүрэгдсэн хариуцлагын хатуу гэрээ үзэглэж, багаасаа хэн нэгнийг гээхгүйн тулд ганцаарчилсан тоглолт хийхгүй байхыг анхааруулснаа сурталчилж байв. Тэр ч бүү хэл гэрээг зөрчвөл хариуцлага тооцох тухай үг ч унагаж байсан.

            Бусдын муулаад байгаа гуя дагасан хүзүүнүүд олноор гарч ирсэн нь чухамдаа У.Хүрэлсүхийн нэр дэвшигчидтэйгээ байгуулсан хариуцлагын гэрээний тус. Үүний үр дүнд сонгуулийн 29 тойргийн 19-д нь МАН-аас нэр дэвшигчид багаараа ялалт байгуулсан бол нэг тойрогт багаараа ялагдаж, бусдад нь 1-2-ыгоо гээчихээд ирсэн.

            Баянхонгорт УИХ-ын дарга Г.Занданшатар, Ховдод УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт нар авч явсан хоёрыгоо, Баян-Өлгийд Х.Баделхан сайдын, Увсад Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын, Төв аймагт Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын, Баянгол дүүрэгт УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хорооны дарга Ж.Ганбаатарын, Хан-Уул дүүрэгт Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийн баг тус бүр нэг нэр дэвшигчээ гарааны зурхайд дагуулж орж чадсангүй ээ.

            Энэ нь хувь нэр дэвшигчийн буруу гэхээсээ багаар ажиллаж чадаагүйн илрэл гэсэн дүгнэлтийг ажиглагчид хийж буй юм. Тиймээс тойргоосоо торойгоод ганцаараа гарч ирсэн нэр дэвшигчийг магтан сайшаах биш хариуцлага ярина гэсэн намын даргын үг зөв жишиг тогтоох эхний алхам болно гэж иргэд үзэж байна.

            Үүний эсрэг талд сонгогчдын олонхийн санал авч, иргэдийн итгэл өвөрлөсөн нэр дэвшигчдээсээ ажлын туршлага, ёс  зүй зэрэг улстөрч хүнд зайлшгүй байх чанаруудыг нь дэнсэлж намынхаа болон засгийнхаа ирээдүйг даатгах ёстой гэсэн үгийг ч МАН-ын дарга У.Хүрэлсүхэд сонгогчид нь илгээж байна.