Шинэ Засгийн газарт томилогдох

Шинэ парламент улаан сарнайгаар чимэглэгдлээ. Сэлмээ сугалж, намаа шинэчлэхээ мэдэгдэж байсан У.Хүрэлсүхийн үг болоод үйлдэлд олон нийт дүнгээ тавьсан нь  энэ. Монгол Улсын түүхэнд Ерөнхий сайд улиран сонгогдож, ажлаа үргэлжлүүлэх болсон шинэ хуудас нэмэгдэв. Тун удахгүй түүний тэргүүлсэн Засгийн газар ажилдаа орно. Эл кабинатад хэн багтах вэ.

Хүчээ нэгтгэж, багаар нь дэмжих нь МАН-ын хувьд уриалга бол нэр дэвшигчдийн тухайд энэ нь намын даргын даалгавар байлаа. Чухамдаа У.Хүрэлсүх нэр дэвшигчдээ багаар ажиллаж, хамтын хүчээр ирэх парламентад гарч ирэхийг үүрэгдсэн гэж тодотгож болно. Сурталчилгааны хугацаанд өөрийнхнөө гөвж, өрсөлдөгчтэйгөө зуузай холбосон олон ч тохиолдол гарсан нь бий.

Сонгогчдын саналын тоог хүн ам болоод олон тоон үзүүлэлтээр нэгтгэн дүгнэвэл орон нутгийн сонгогчдын хамгийн өндөр үнэлгээг авсан нь С.Чинзориг. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан тэрбээр энэ удаагийн сонгуулиар МАН-ын нүүрийг тахалсан гэж ч тодотгож болох биз.

Цар тахлын үед нийгмийн даатгалыг тэглэх, хүүхдийн мөнгийг нэмэгдүүлэх, хүнсний талон тараах гээд олон ч шийдвэрийг У.Хүрэлсүхийн Засгийн газар шийдвэрлэсэн. Мөн хоёр оны зааг дээр тэтгэврийн зээлийг тэглэсэн үйл явдал ч энэ засгийн буян. Ингэхдээ энэ бүхнийг гардан гүйцэтгэж, боловсруулсан хүн нь С.Чинзориг. Тэтгэврийг нэмэгдүүлж, нийгмийн даатгалын тогтолцоог шинэчлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн олон улсын хурлыг Монгол Улсад зохион байгуулж, асуудал, бэрхшээлийг хэрхэн даван туулсан туршлагыг солилцох боломжоор хангаж, энэ хүрээнд тэдэнд зориулагдсан гэрлэн дохио, замын асуудал шийдвэрлэгдсэн гээд олон зүйлийг нэрлэж болно. Тэр ч утгаараа олон нийт, тэр дундаа сонгогчид нь түүнд хамгийн өндөр үнэлгээг өгсөн нь энэ биз.

Нөгөөтэйгүүр, намын даргын даалгаварын дагуу багаараа Өвөрхангайд ялалт байгуулсан явдал ч гавьяанд нь багтах болов уу. Тиймээс тэрбээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажлаа үргэлжлүүлж, төлөвлөсөн ажил, боловсруулсан хуулийнхаа хэрэгжилтийг хангах нь зүйд нийцнэ. Ингэж байж түүнтэй хожим хариуцлага ярих нь ч зүйтэй болов уу.

Шинэ парламентын босго алхах бүсгүйчүүдээс хамгийн өндөр санал авсан нь Д.Сарангэрэл. Эрүүл мэндийн сайдаар ажиллах хугацаандаа сайн менежер, зохион байгуулагч гэдгээ харуулсан гэдэгтэй маргах хүн гарахгүй. Дэлхий нийтийг хамарч, олон ч хүний амийг авч одсон цар тахал Монгол Улсад зөөвөрлөгдөн ирсэн ч ганц ч хүний амь эрсдсэнгүй. Дотооддоо ч халдвар тархсангүй. Энэ бүхэн эмч нарын гавьяа. Мөн салбар удирдсан сайдын ч гавьяа. Цаг алдалгүй урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч, салбараа зөв зохион байгуулалтад орж, тахалтай нүүр тулан тэмцэхээр сэтгэл шулуудсаных нь ач. Тиймээс эхлүүлсэн ажлынх нь үр дүнгийн эцсийг үзтэл түүнийг эл салбарын сайдаар ажиллуулах нь гарцаагүй биз.

Хууль зүйн салбарт шинэчлэл хэрэгтэй. Хэрэг хийсэн эрх мэдэлтэн бүр хуулийн байгууллагын хонгил ярьж, өөрийгөө цагаатгах өнгө аяс давамгайлав. Эл салбарт шинэчлэлийн салхи сэвэлзүүлэх хэрэгтэйг хуулийн салбарынхан дуу нэгтэй зөвшөөрч, шинэчлэл нэрийн дор албан тушаалын томилгоог ихээр хийх болсон билээ. Тэгвэл эл салбарын сайдаар УИХ-ын гишүүнээр сонгогдоод байгаа Ж.Сүхбаатарыг олон хүн нэрлэж байгаа юм.

Төрийн албанд 20 шахам жил ажилласан мэргэжлийн хуульч. Одоогоор түүнтэй дүйх хуульч ховор гэдгийг ч салбарынхан нь хэлдэг. Үг болоод үзэл бодолдоо тууштай ханддаг тэрбээр МАНАН бүлэглэлийн эсрэг чанга дуугарч, МАН-ын хаалгыг савж гарч байсан удаатай. Харин шинэчлэгдсэн намдаа эргэн ирж, Чингэлтэй дүүрэгт нэр дэвшсэн тэрбээр багийнхны хамт ирэх парламентад залрах визээ өвөртөлсөн. Хуулийн салбарыг гарын арын хуруу шигээ мэддэг тэрбээр Хууль зүй, дотоод хэргийн сайдын албанд томилогдвол олон ч шинэчлэл дүрмийн дагуу хийгдэх вий. Тэр цагт хэрэгтэн өөрийгөө хэлмэгдсэн гэж хэлэх нь юу л бол...

Мөн Сонгинохайрхан дүүрэгт ялалт байгуулсан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумьяабазарыг онцолж болно. Нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргээс улиран сонгогдож байгаа тэрбээр багийнхаа нэг ч хүнийг  гээсэнгүй. Ямартаа П.Анужинг сонгогдсонд олон хүн гайхаж, шагширсан үгсүүд цахим орчинд хөвөрнө. Уул уурхайн салбарыг удирдан зохион байгуулж, иргэдийн халаасанд олон жил амьгүй хэвтсэн "Эрдэнэс Тавантолгой"-н хувьцаа амьжиргаа залгуулж мэдэхээр болсон нь түүнтэй яах аргагүй холбогдоно. Олон жил алдагдалтай ажилласан компани үр ашигтай, тэр бүү хэл иргэдэд ногдол ашиг тараах хэмжээнд  байгаа нь салбар удирдсан сайдын зохион байгуулалт, ажлын төлөвлөөтэй шууд утгаараа уялдана.

Улстөрчдийн талцаж мэтгэлцдэг, таллаж хуваадаг Тавантолгойг "хамгаалж, цар тахлын өнөө үед нүүрсний экспортыг үргэлжлүүлэх их ажил түүний өмнө бий. Мөн "Эрдэнэс Тавантолгой"-г олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргах ажлын бэлтгэл ч хангагдсан. Тиймээс түүнийг ганц тулгууртай эдийн засагтай Монгол Улсын хөгжлийн шинэ шатанд хүргэх төлөвлөгөөгөө ажил хэрэг болгох боломжоор хангах нь зүйд нийцэх болов уу. Михайловт бодол бий гэгчээр У.Хүрэлсүхэд ч энэ зэргийн тооцоо бий биз.

Энэ мэтчилэн У.Хүрэлсүхийн үг, үйлдлийг болоод МАН-ын мөрийн хөтөлбөрийг ажил хэрэг болгох “түшмэл”-үүдийг нэрлэж болно. 

buzznews.mn