“Эрдэнэс Тавантолгой” ХК хятадуудад зарагдсан эсэх асуултад тус компанийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга М.Амарбаяр хариулт өглөө. Тэрбээр “Энэ бол буруу ташаа мэдээлэл. “Эрдэнэс Тавантолгой”-г хятадуудад зарсан зүйл байхгүй гэдгийг хариуцлагатайгаар хэлье. “ Эрдэнэс Тавантолгой Майнинг” компани 100 хувь “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн охин компани. Энэ компанийн бүхий л үйл ажиллагаа  толгой компанитайгаа уялдаатай явагддаг. Мөн эдийн засгийн тооцоо, нэгдсэн бланстай” гэлээ.

Түүнчлэн компанийн худалдан авалт, тендертэй холбоотой хардлага, худал ташаа мэдээллийг олон нийтийн сүлжээнд цацагдах болсон билээ. Үүнтэй холбоотойгоор тэрбээр “Өмнө нь миний бие мэдээлэл хийхдээ тодорхой жишээнүүдийг хэлж, тайлбар хийж байсан. Өнөөдөр дахин тайлбар хийе.

Сүүлийн үед гүйцэтгэх захирал Б.Ганхуяг ганцаараа 15 тэрбум төгрөгийн тендерийг гарын үсэг зурж шийдэж байна гэсэн мэдээлэл цацагдсан. Энэхүү мэдээлэлд дурьдагдсан уурхайн ажилчдын хотхоны тендер гэхэд 1 дүгээр сарын 31-нд материал хүлээж авсан. 02-р сарын 04-ний өдөр ажлын хэсэг дүгнэлтээ гаргасан байна. Харин уурхайн захиргааны барилгын барилга угсралтын тендерт эхний удаа оролцсон компаниуд  бүгд тэнцээгүй тул хоёр дахиа явагдаж, өнгөрсөн оны 12-р сарын 25-нд шийдвэр нь гарсан байна. Тиймээс цаг хугацааны хувьд ч Гүйцэтгэх захирал ганцаараа шийдэж байна гэдэг худлаа мэдээлэл.

Мөн аливаа худалдан авалт төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах хуулийн дагуу явагддаг, ганц хүн биш үнэлгээний хороо энэхүү шалгаруулалтыг хуулийн дагуу хийдэг, үнэлгээний хороонд хөндлөнгийн гишүүд оролцдог гэдгийг мэдэгдэж байна. Хэдийгээр иргэд хардах эрхтэй ч энэ нь  гүтгэлэг, худал ташаа мэдээлэл тарааж болно гэсэн үг биш. Тиймээс үнэн бодит мэдээлэл олон нийтэд хүргэж байхыг хүсье" гэсэн юм.