Д.Амарбаясгалан: Ард олон бидэнд даалгавар болгож өгснийг гүнээ ухамсарлаж өнөөдрөөс эхэлж ажилдаа орж байна

УИХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн санал хураалт дуусахтай зэрэгцэн Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн мэдээлэл хийсэн. Түүнй мэдээлснээр УИХ-ын сонгуулийн ирц хүрсэн гэдгийг онцлоод хөдөө орон нутагт сүлжээгүй газар бий. Түүний дүн мэдээ иртэл зарим тойргийн сонгуулийн дүн мэдээ хүлээгдэнэ гэж байсан. 2020 оны УИХ-ын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж 62 суудал авсан МАН-ын удирдлагууд мэдээлэл хийлээ. 

 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийсэн. Тэрбээр мэдээллийн эхэнд "МАН овоорсон олон асуудлыг бодитоор шийдвэрлэснийг Монголын ард түмэн дэмжлээ" гэсэн юм. 

Тэрбээр "МАН олон түмний дэмжлэг хүлээсэн улс төрчдийг 29 тойрогт нэр дэвшүүлсэн. Нэр цэвэр, мэдлэг туршлагатай, эх орноо гэсэн сэтгэлтэй нэр дэвшигчдийг бид төрийн эрх барих дээд байгууллагадаа сонгуулахаар ард түмэндээ илгээсэн. Монгол төрийн босго өндөр гэдгийг харгалзан үзсэн. Хэн олон нийтийн дэмжлэгийг хүлээж чадах нэр дэвшигч вэ гэдгийг социологийн болон олон нийтийн санал асуулгаар тодруулсан. 

Өөрөөр хэлбэл МАН 2020 оны УИХ-ын сонгуульд шинжлэх ухаанчаар хандаж, үндэс суурьтайгаар нэр дэвшигчдээ тодруулсан. МАН сонгуулийн сурталчилгааны туршид хийсэн ажил, хийх ажил, шийдэх асуудал, хүрэх зорилгоо тайлбарлаж, бодлогын бүтээлч өрсөлдөөнийг бий болгохыг хичээсэн. Цаашид ч монгол төрийн сонгууль цэвэрхэн, шударга, бодлогын өрсөлдөөн байх ёстой гэж МАН-ын зүгээс үзэж байгаа. 

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийн толгойлсон Засгийн газар сүүлийн 20-30 жилийн туршид хүлээгдэж байсан овоорсон олон асуудал бэрхшээлийг бодитоор шийдвэрлэж чадсаныг Монголын ард түмэн дэмжлээ. 

Шударга ёсны тэмцлийн галыг асаасныг мөн Монголын ард түмэн дэмжлээ. Ерөнхий сайдаа багаар нь дэмжсэн нийт ард иргэддээ талархал дэвшүүлье. Монголын ирээдүй залуу сонгогчиддоо баярлалаа. Шинэ үеийнхэн, шинэ мянганыхан эрх чөлөөний дархлаатай, хүсэл мөрөөдлийнхөө төлөө хүчтэй тэмцэгчид болон бойжиж буйг энэ сонгуулийн туршид ажиглалаа. 

МАН шинэ залуу гэрэлт хүсэл мөрөөдлийг дэмжин хүчээ нэгтгэн хамтарч ажиллахаа илэрхийлж байна. 2020 оны УИХ-ын сонгуулийн үр дүн бол эхлүүлснээ дуусгаарай, задарсныг засаарай, ядарсныг хайрлаарай гэсэн ард түмний захиа даалгавар гэж бид ойлгож байгаа. Итгэл бүхнийг зүтгэлээр хариулах өндөр үүрэг хариуцлага бидэнд ирлээ. 

Энэ удаагийн парламентийн сонгуульд МАН ялалт байгуулснаараа сүүлийн 30 жилийн ардчилал, эрх чөлөөт нийгэмд анх удаа нэг нам хоёр дахь удаагаа Засгийн эрх барих гэж байгаа тохиолдол болж байна. 

МАН "Хөгжлийн гэрээ" мөрийн хөтөлбөрөө биелүүлэх ажилдаа өнөөдрөөс эхлээд орж байна. Бидэнд эмхлэх цэгцлэх ажил маш олон байгаа. Үүнийг ард олон бидэнд даалгавар болгож өгснийг гүнээ ухамсарлаж өнөөдрөөс эхэлж ажилдаа орж байна. 

Амжилтаа бататган алдаа дутагдлаа засч эхлүүлснээ дуусгахын төлөө бид хичээн зүтгэнэ ээ. Монгол Улс мандан бадрах болтугай" гээд ялалт байгуулсан намын гишүүдийн нэрсийг зарласан юм. .