Ж.Эрдэнэбат, С.Баяр, С.Баярцогт нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан өнөөдөр болно. Өмнөх хуралдаан зургадугаар сарын 16-ны 11:00 цагт Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд эхэлсэн ч шүүх хурлыг хойшлуулах шийдвэрийг шүүхээс гаргаж, түүнийг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсэн.  

Түүнчлэн Ерөнхий сайд асан С.Баяр, Сангийн сайд асан С.Баярцогт нарын долоон хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2020.06.22/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 09:00 цагт товлосон. Өмнөх шүүх хурлаар Ерөнхий сайд асан С.Баяраас бусад шүүгдэгч болох С.Баярцогт, Б.Бямбасайхан, Да.Ганболд нарын гурван нэр дэвшигчийг цагдан хорих шийдвэрийг гаргаж, шүүх хурлыг хойшлуулсан юм. Өнөөдрийн шүүх хурлаар тэдний гэм бурууг дэнслэхээс гадна гурван шүүгдэгчийг үргэлжлүүлэн цагдан хорих эсэхийг  хэлэлцэнэ аж. Ташрамд мэдээлэхэд Ерөнхий сайд асан С.Баяр нарын долоон хүнийг АТГ-аас эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татан, хэргийг шүүхэд шилжүүлээд байгаа билээ.