УОК: Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудаас нийт 10355 иргэн эх орондоо буцах хүсэлт өгөөд байна

Улсын онцгой комисс өнөөдөр хуралджээ. Хуралдаанаар ямар шийдвэр  гаргасан шийдвэрийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг дөнгөж сая мэдээлэл хийсэн бөгөөд ирэх долдугаар сард гадаадад байгаа иргэдээ татан авах тусгай үүргийн онгоцны нислэгийн хуваарийг баталсныг танилцууллаа.

Тэрбээр энэ тухай  “Одоо энэ төлөвлөж байгаа чартер нислэгүүддээ бүхий л чиглэл рүү нислэг хийхийг зорьж байна. Олон сараар гадаадад гацсан иргэдээ цөөн тоогоор ч гэсэн татан авах нөхцлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хүндэтгэн үзэх таван шаардлагад нийцээгүй иргэдийг гадаад улс орнуудаас татан авахгүй байна гэх гомдол ирж байна. Тийм зүйл огт байхгүй. Өнөөдрийн байдлаар дэлхийн улс орнуудаас нийт 10355 иргэн эх орондоо буцах хүсэлт өгөөд байна. Ялангуяа АНУ, Япон, БНСУ-д гацсан иргэд олон байгаа учраас эдгээр улс руу нислэг үйлдэх давтамжийг нэмэгдүүлсэн. Зургадугаар сард бид 2300 орчим иргэдээ татан авсан байна” гэв. Түүний мэдээлснээр:  

  • Долдугаар сарын 2-нд- Сөүл
  • Долдугаар сарын 4-нд- Токио
  • Долдугаар сарын 7- Сөүл
  • Долдугаар сарын 9 -Турк улсын Стамбул хот руу нислэг үйлдэж Турк болон Европт байгаа 
  • Долдугаар сарын 15-нд- Сөүл хот руу дахин нэг нислэг үйлдэж транзитаар ирсэн иргэдийг татаж авна.

Түүнчлэн БНХАУ-аас нутаг буцах хүсэлтэй 164 иргэн бий. Эдгээр иргэнийг ойрын хугацаанд Замын-Үүдээр татан авах шийдвэр гаргасан. Мөн ОХУ-аас ирэх хүсэлтэй иргэдээ ойрын хугацаанд авто замаар татан авахаар ажиллаж байна” гэв.