Тэд Улаан талбайд...

Жил бүрийн тавдугаар сарын 9-ний өдөр Аугаа эх орны дайны ялалтын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг. Тус өдөр ОХУ-д зохион байгуулагддаг цэргийн ёслолын жагсаалыг олон орны төр, засгийн газрын тэргүүнүүд, иргэд үзэж сонирхдог уламжлалтай. Энэ жил дэлхий дахинд нүүрлээд буй коронавирусийн цар тахлаас үүдэж Ялалтын баярын цэргийн ёслолын жагсаалыг хойшлуулж энэ сарын 24-ний өдөр болгосон. ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд болох энэхүү цэргийн ёслолын жагсаалд Монгол, Хятад, Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Молдав, Серби, Тажикистан, Узбекистан зэрэг 11 орны цэргийн алба хаагчид оролцохоор нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байгаа юм. Монгол Улсын Зэвсэгт хүчний төлөөлөл буюу БХЯ, ЗХЖШ, “Алдар” спорт хороо болон Зэвсэгт хүчний 19 анги, байгууллагаас бүрдсэн 31 офицер, 44 ахлагч энэ сарын 14-ний өдөр ОХУ-ыг зорилоо. Цэргийн ёслолын жагсаалд оролцох Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчдыг ЗХЖШ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа С.Дашзэвэг, БХЯ-ны СБТГ-ын хэлтсийн дарга, хурандаа Ч.Гандирваа, Ажиллагааны удирдлагын газрын мэргэжилтэн, дэд хурандаа У.Ундрах нар ахалж байгаа бөгөөд Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч, хурандаа Б.Хаш-Эрдэнэ, Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн захирагчийн нэгдүгээр орлогч, штабын дарга, хошууч С.Ариунболд, Зэвсэгт хүчний 310 дугаар ангийн ахмад Б.Анхмандах нар Улаан талбайд цэргүүдээ удирдан алхах юм. Монгол Улсын Төрийн далбааны тугчнаар Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн ахлах дэслэгч Т.Ганболд, хамгаалагчаар Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн дэслэгч Б.Баатарсүрэн, ахлагч Н.Нямдаваа нар тус тус томилогджээ. Тус ёслолын жагсаалд оролцох цэргийн алба хаагчдыг 180 гаруй цэргийн алба хаагчдаас сонгон шалгаруулсан бөгөөд найман цэргийн алба хаагч өмнө нь ОХУ, БНХАУ-д зохион байгуулагдсан цэргийн ёслолын жагсаалуудад оролцож байсан туршлагатай аж.

Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа цэргийн алба хаагчид Улсын Онцгой комиссоос өгсөн заавар, зөвлөмжийн дагуу 14 хоногийн хугацаанд тусгаарлагдан “COVID-19”-ийн шинжилгээнд бүрэн хамрагдан хилийн дээс алхсан. Тэд ОХУ-д байх хугацаандаа Даваа, Лхагва, Баасан гараг бүр цусны шинжилгээнд тогтмол хамрагдаж, биеийн халуунаа дөрвөн цаг тутам хэмжүүлж байгаа юм. Очсон өдрөөсөө хойш одоогийн байдлаар коронавирусийн шинжилгээнд гурван удаа хамрагдаад байгаа аж.

Зэвсэгт хүчний 350 дугаар ангид тусгаарлагдах 14 хоногийн хугацаанд хүн нэг бүрийн бэлтгэл, эгнээний болон хайрцгийн бэлтгэлийг хийсэн ба ОХУ-д очоод энэ сарын 15, 17-ны өдрүүдэд бусад орны цэргийн алба хаагчидтай хамтарсан бэлтгэл, 22-нд шөнийн нэгдсэн бэлтгэлд тус тус хамрагдаад 24-ний өдөр Улаан талбайд Монгол Улсаа, Зэвсэгт хүчнээ төлөөлөн алхана.

1945 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Улаан талбайд ялалтын баярын анхны цэргийн ёслолын жагсаал болж байсан түүхтэй. Ийнхүү Монгол Улсын Зэвсэгт хүчний сүр жавхаат 75 цэргийн алба хаагч ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн урилгаар Улаан талбайд хоёр дахь удаагаа алхах юм.

“Алдар” спорт хорооны орлогч дарга, ахмад Д.Цэрэнбат:

-ОХУ-д болох Агуу эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баярын жагсаалд оролцож байгаадаа туйлын баяртай байна. Бидний хувьд цэргийн ёслолын жагсаалын бэлтгэлээ амжилттай хийн жигдэрч чадсан бөгөөд дэлхий нийтэд тархаад буй коронавирусээс урьдчилан сэргийлэх бүх талын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. ОХУ-д очоод ч гэсэн хамгаалах хэрэглэлээ тогтмол сайн хэрэглэх, ариун цэврийг дээд зэргээр сахиж цэргийн ёслолын жагсаалдаа амжилттай оролцоод эх орондоо ирэх зорилго тавиад байна. Ирээд 21 хоногийн хугацаанд тусгаарлах байрт, 14 хоногийн хугацаанд гэр, гэртээ тусгаарлагдах бөгөөд энэ хугацаанд ажил, алба гээд бүх талын асуудлыг зохицуулж байгаа удирдлагууддаа талархал илэрхийлье.

Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн машины дарга, ахлагч Г.Бэхбат:

-Миний хувьд гурав дахь удаагаа оролцож байна. Анх удаа оролцож байсан тэр үеийн мэдрэмж үнэхээр төсөөлшгүй сайхан байсан. Анх оролцож байгаа бусад цэргийн алба хаагчдадаа мэддэг чаддаг зүйлсээ харамгүй хэлж өгч байна. Хэдийгээр хэцүү цаг үед ОХУ-ыг зорьж байгаа ч хувь хүний ариун цэврийг сайтар сахиж, хамгаалах хэрэгслүүдээ тогтмол хэрэглэхээс эхлээд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврын дагуу бүх арга хэмжээ хэрэгжиж байгаа учир ямар нэгэн айх зүйлгүйгээр цэргийн ёслолын жагсаалдаа эх орон, Зэвсэгт хүчний төлөөлөл амжилттай оролцоод ирнэ гэдэгтээ итгэлтэй байна.

Эх сурвалж: "Соёмбо" сонин