ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗАР, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРААС ХАМТАРСАН ШААРДЛАГА ХҮРГҮҮЛЛЭЭ

Тагнуулын ерөнхий газар болон Цагдаагийн ерөнхий газраас УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгааны үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү “Цагдаагийн байгууллага нь УИХ-ын ээлжит сонгуулийн сурталчилгаа болон санал авах үед нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэн ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагад сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлсэн өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой байж болзошгүй, гэмт хэрэг зөрчлийн шинжтэй нийт 676 дуудлага  мэдээлэл ирсэн. Хүлээн авсан нутаг дэвсгэрийн харьяаллаар нь авч үзвэл 308 нь нийслэлд, 368 нь орон нутагт байна.

Ирсэн дуудлага, мэдээллийг агуулгаар нь нь авч үзвэл дийлэнх хувийг сонгуулийн сурталчилгааны самбар, зурагт хуудас, материал устгах,  бохирдуулсан, цахим сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мессеж ашиглан бусдыг гүтгэн доромжилсон, хуульд заасан бусад хэлбэрээс сурталчилгаа явуулсан тухай.

Сонгуулийн жил эхэлсэнтэй холбогдуулан хүний, улс төрийн эсрэг гэмт хэрэг зөрчилтэй холбоотой байж болзошгүй гомдол мэдээлэл 2020.04.20-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт  390  бүртгэгдэж, харьяаллын дагуу нэгжүүд шалгалтын ажиллагааг явуулж байна. Энэ нь цагдаагийн байгууллагад ирсэн гомдол мэдээлэл. Өмнөх 600 гаруй дуудлага мэдээлэл бол тусгай дугаарт ирсэн мэдээлэл.

390 гомдол мэдээллийг материалжуулан шалгалтын ажиллагаа явуулсан. Гомдол мэдээллээр нь ангилж үзвэл

Нэр дэвшигчийн алдар хүнд, нэр төрийг гутаан доромжилсон, худал мэдээллийг нийтэд тараасан, хууль бус үйлдлийн талаар 108 буюу 27.6 хувь

Хуульд зааснаас өөр арга хэлбэрээр сонгуулийн сурталчилгаа явуулсантай холбоотой 228 буюу 58.4 хувь

Харилцаа холбоо болон хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орчин ашиглан улс төрийн чансаа тогтоох бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт, санал асуулга, зохион байгуулсантай холбоотой 20 буюу 5.1 хувь

Сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгагдаагүй аливаа үйлдлийг сонгуулийн сурталчилгаанд ашигласантай холбоотой 7 буюу 1.7 хувь

Сонгуулийн сурталчилгаанд хуульд заасны дагуу бүртгүүлээгүй цахим хуудас ашигласан иэсвэл бусдын нэр хүнд болон хуурамч цахим хаяг ашигласантай холбоотой 4 буюу 1 хувь

Бусад зөрчилтэй холбоотой 23 буюу 5.8 хувийг эзэлж байна" хэмээн танилцууллаа.