БНЭУ-д шавилан суудаг 18 хүртэл насны 229 хүүхэд эх орондоо ирлээ.

МИАТ компанийн тусгай үүргийн онгоц 07.58 цагт Буянт-Ухаад газардав. БНЭУ-ын Каранатака муж дахь Гоман, Сэра, Жүме гурван дацанд шашны чиглэлээр сурч, амьдардаг 597 монгол иргэн байна. Үүний 357 нь 10-18 хүртэлх насны хүүхэд.

Тухайн үед 219 хүүхдийнх нь эцэг, эх, асран хамгаалагч болон Гоман дацангийн удирдлагууд хүсэлт тавьсны дагуу Улсын онцгой комисс татан авахаар шийдвэрлэсэн. Хүүхдүүдийн 70 орчим хувь нь Архангай, Баянхонгор, Завхан, Төв, Хэнтий, Увс аймгийнх. Эцэг, эхчүүд онгоцны зардлыг төлсөн. Гэхдээ тусгаарлах байрны төлбөрийг төлөх боломж хомс учир дэмжлэг үзүүлэхийг Засгийн газраас хүссэн. Иймээс 230 сая төгрөгийг Хүүхдийн хөгжил, хамгааллын хөтөлбөрөөс гаргахаар Монгол Улсын Засгийн газар шийдвэрлэсэн. Энэ тухай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга М.Энх-Амар "Энэтхэгээс ирж байгаа ламхай нарыг эх орондоо ирэхэд нь тусгаарлах, эрүүл мэнд, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэхтэй холбоотой бүх зардлыг хүүхэд хамгааллын зардлаас гаргаж, тусгаарлалтад байх хугацаанд нийгэм сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж ажиллах ажлыг манай агентлагаас зохион байгуулж байна. Бид тусгай төлөвлөгөө гарган ажиллаж байна. Хүүхдүүдийн хамгаалах байрны зардлаас гадна тусгаарлалтад байгаа хүүхдүүдийг хөл хорионд байх үед гурван удаа хэрэгцээт зүйлийг нь оруулж өгдөг. Манайхаас мөн энэ бүхний зардлыг гаргаж, эрүүл мэндийн болон бусад багцыг өгнө. Мөн тусгаарлалтад байгаа ламхай нарын гэр бүлтэй ажиллаж нийгэм, сэтгэл зүйн зөвлөгөөг давхар өгөхөөс гадна гэр бүлд нь үнэлгээ хийж, шаардлагатай  үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх болно" гэсэн. 

Хүүхдүүдийг шавилан суугаа газраас нь Гоа хотын нисэх буудалд хүргэх зардлыг НҮБ-ын Хүүхдийн сангаас гаргасан. Хүүхдүүд болон иргэдийг Онцгой байдлын ерөнхий газрын "Онцгой Жаргалант" сувилал, Ориентал, Сэнтий буудалд тусгаарлана гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээлж буй юм