Л.Гансүх УИХ-ын гишүүн О.Баасанхүүг шүүхэд өгөхөө мэдэгдлээ

Л.Гансүх УИХ-ын гишүүн О.Баасанхүүг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд өгч байгаагаа нийтэд мэдэгдлээ. Тэрбээр "О.Баасанхүү нь өөрийн цахим хаягаар “…Гансүх, хүргэн Дэнзэн нь 27000 төгрөгийн нүүрсийг 80000-аар зарсан. Тэр үед нь би одоогийн Ерөнхийлөгч Баттулгад “Ядуучуудыг дээрэмддэг ямар муухай хүн бэ. Ядуу хүнийг дээрэмдэх чинь зөв юм уу, ядарсан хүмүүс өнөөдөр 27000 төгрөгийн нүүрсээ аваг л дээ. Үнэгүй шигшүүлж, үнэгүй ачуулж, төрийн мөнгөөр хийчихээд ямар муухай юм бэ” гэж хэлж байсан. Тэгээд тэд нарын нүүрсний хулгай нь баригдаад шоронд орсон, ийм л юмнууд” гэж Л.Гансүх миний нэр төр, алдар хүндийг гутаасан худал мэдээлэл тараасан О.Баасанхүү нь дээрх мэдээллийг өөртэй нь нэг тойрогт өрсөлдөж байгаа Н.Алтанхуягийн нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор тараасан гэж үзэж байна” гэжээ.

Л.Гансүх шүүхэд гаргасан өргөдөлөө танилцуулахдаа “О.Баасанхүү гишүүн нэг тойрогт өрсөлдөж буй Н.Алтанхуягийг гүтгэхдээ намайг давхар гүтгэлээ. О.Баасанхүү өнгөрсөн дөрвөн жилд МАНАН бүлэглэлийн талд байр сууриа илэрхийлсээр ирсэн. Энэ бүлэглэлээ хамгаалахын тулд дөрвөн жилийн турш УИХ-д үнэнийг худал, худлыг үнэн болгож ярьдаг байсныг хүмүүс мэднэ. Одоо ч тэр худлаа яриад л явж байгаа юм байна. Миний шүүх хурал 2015 онд олон нийтэд нээлттэй явагдсан. Нүүрс хөтөлбөрийн менежментийг нь хийсэн компани бүх мөнгөө гаргасан. Төсвөөс нэг ч төгрөг гараагүй. Үүнийг шүүх тогтоосон. Үүнийг О.Баасанхүү ч мэдэж байх учиртай. Гэтэл үүнд хүргэн Дэнзэн оролцсон гэх мэтээр бүх зүйлийг хооронд нь хольж гутгаад худлаа ярилаа. Гэхдээ энэ хүн ямар худалч хүн бэ гэдэг нь газар дээрээ баригдаж байна. Үүнийг нотлох бүх баримтыг нь цуглуулаад шүүхэд өгч байна” гэлээ.

buzznews.mn