Албан хаагчид түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчлөх боломжтой

Засгийн газрын ээлжит бус хурал 2020 оны 6 дугаар сарын 12-ны Баасан гаригт болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ

Албан хаагчид  түрээслэсэн орон сууцаа 15 жилийн дотор өмчилж авна

Дэлхий даяар КОВИД19 халдварт цар тахал дэгдэж, Монгол Улс өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд хагас жил орчим болж байна. Дотооддоо халдвар алдаагүй, зөөвөрлөгдөж ирсэн тохиолдлуудыг эмчилж, хяналтдаа барьж байна. Урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд  Засгийн газар, УОК-оос гаргасан шийдвэрүүдийг хэрэгжүүлэхэд  тэргүүн эгнээнд  хүнд нөхцөлд, өргөсөн тангарагтаа үнэнч үүрэг гүйцэтгэж байгаа төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдыг орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлэхээр Засгийн газраас шийдвэрлэсэн. Энэ дагуу ажлын хэсэг томилогдон ажиллаж буй. Төрийн жинхэнэ болон үйлчилгээний албан хаагчдад эмч, сувилагч, асрагч, жолооч, үйлчлэгч, онцгой байдлын аврагчид, хил, гаалийн байцаагч нар, цэвэршүүлэх байгууламжийн засварчин, техникчид, тагнуул, цагдаа, мэргэжлийн хяналтын байцаагч нарыг хамруулж байна. Галын шугамд ажиллаж буй албан хаагчдын амьдралын орчин нөхцлийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг бий болгох, гэр бүлийнхнийх нь ая тухыг хангах, цаашдын амьдралын чанарыг сайжруулах нь тус хөтөлбөрийн зорилго. 

Хөтөлбөрт хамрагдах албан хаагчдыг тухай тухайн байгууллагууд нь хамт олныхоо саналаар ил тод шударгаар сонгох зарчим баримталж ажиллахыг  УОК-оос үүрэг болгосон. Одоогоор ХӨСҮТ-ийн 10 албан хаагч орон сууцны батламжаа хүлээж аваад байна. Хөтөлбөрийг маш богино хугацаанд үр дүнтэй, албан хаагчиддаа хүндрэлгүй шууд түлхүүрээ авч, орон сууцандаа нүүж орохоор зохион байгуулахаар зорьж байна.

Иймд түрээсийн орон сууцанд орж буй иргэдэд тавьдаг байсан шаардлагуудыг хасч, хөнгөвчлөн, Засгийн газрын 2019 оны 138 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Түрээсийн орон сууцыг өмчлүүлэх журам” –ыг өөрчлөн 2.2.2-т нэмэлт өөрчлөлт оруулж, өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар батлав.

Ингэснээр түрээслэгчдэд дараах хэд хэдэн нэмэлт боломж олгогдож байна. Өмнө нь иргэн орон сууцаа 5 хүртэлх жилийн дотор түрээслээд энэ хугацаандаа үлдсэн төлбөрөө гүйцээн төлж өмчлөлдөө авдаг байсан бол хугацааг 15 хүртэлх жил болгон сунгав. Тодруулбал иргэн улсын төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнаас сонговол 5 хүртэлх жил, бусад хувилбарын санхүүжилтээр баригдсан барилгаас сонговол 15 хүртэлх жил түрээслээд түрээслэх явцдаа сар бүр хуваарийн дагуу хэсэгчлэн төлсөөр түрээсийн орон сууцаа худалдан авч, өмчлөх боломжтой байхаар тусгаж өгчээ.

Мөн сонголтын хүрээг нэмэгдүүлсэн байна. Зөвхөн улс, орон нутгийн төсөв, хөгжлийн сангийн хөрөнгөөр барьсан орон сууцнуудаас сонголт хийх болзол тавьдаг байсан бол одоо гадаад, дотоодын зээл буцалтгүй тусламжаар болон  хувийн аж ахуй нэгжүүд өөрийн хөрөнгөөр барьсан  100 хувь ашиглалтад орсон байрнуудаас сонгох өргөн сонголтыг олгож байна. Түүнчлэн зай талбайн дээд доод хязгаар заахаа больсон. Албан хаагч өөрийн орлогодоо тулгуурлан, хүссэн байраа сонгоно. Бас нэг чухал боломж нь 30 хүртэл хувийн урьдчилгаа төлбөр шаарддаг байсныг цуцалж, урьдчилгаагүй шууд орон сууцандаа орох боломжоор хангаж байгаагаараа энэ удаагийн хөтөлбөрийн давуу тал оршиж байна. Уг тогтоолыг 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс  дагаж мөрдөнө.

Товчоор

  • Хүн ам орон сууцны 2020 оны тооллогын дүнг танилцуулав. Хүн ам, орон сууцны 2020 оны тооллогын дүнгээр Монгол Улсын хүн ам 3.296.866, өрхийн тоо 897.427 болжээ. 2010 оны улсын ээлжит тоологоос хойш Монгол улсын хүн ам жилд дунджаар 2.2 хувиар өссөн байна. Хүн амын насны бүтцийн хувьд ерөнхийдөө залуу хэвээр буюу 0-14 насны хүүхэд 31.5 хувь, 15-64 насны хүн ам 64.4 хувь, 65 түүнээс дээш насны хүн ам 4.1 хувийг эзэлж байна. Нийт хүн амын 46 хувь Улаанбаатар хотод 19 хувь нь хангайн бүсэд, 16 хувь нь төвийн бүсэд, 13 хувь нь баруун бүсэд, 7 хуь нь зүүн бүсэд, нийт хүн амын 7 хувь нь буюу 122.3 мянган хүн гадаадад 6 болон түүнээс дээш сараар оршиж байна. Нэг кв/км нутаг дэвсгэрт ногдох хүний тоо 2.1 болж 2010 оноос 0.4 функтээр өссөн байна.
  • Япон Улсын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт  коронавирусын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан “Эдийн засаг, нийгмийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн буцалтгүй тусламжийн хүрээнд 1 тэрбум иен, “Хүний нөөцийн хөгжлийг дэмжих хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхэд зориулж 249 сая иений буцалтгүй тусламжийг тус тус олгохоор шийдвэрлээд байна. Иймд Солилцох ноот бичгүүдэд гарын үсэг зурах эрхийг ГХ-ны сайдад зөвшөөрлөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.